Ану Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийг террорист байгууллага ангилалд оруулахаар төлөвлөж байна

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Мексик улсын хар тамхины картелиудыг гадаадын террорист бүлэглэл ангилалд оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Ингэснээр АНУ-ын зүгээс Мексикийн гэмт бүлэглэлүүд, цаашлаад холбоо сүлбээ бүхий эрх баригчдын эсрэг санхүүгийн тусгай хориг арга хэмжээ авч, шийтгэл оногдуулах нөхцөл боломж бүрдэх юм.  Энэ сарын эхэнд мексик улсын хойд хэсэгт АНУ-ын 9 иргэн хар тамхи наймаалагч гэмт бүлэглэлүүдийн гарт амь үрэгдсэн хэрэгтэй холбогдуулаад ерөнхийлөгч Доналд Трамп мексикийн картелиудын эсрэг дайн зарлахад бэлэн байгаагаа уламжилж, цэргүүдээ илгээх саналыг Мексик улсын засгийн газарт дэвшүүлсэн ч тус улсын ерөнхийлөгч Андрес Лопез Обрадорын зүгээс татгалзсан хариулт өгсөн юм.

Тэр бээр хар тамхи наймаалагч бүлэглэлүүдийн эсрэг ажиллагааг мексик улсын засгийн газраас цэргийн хүчээр бус, зөөлөн арга замаар хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, АНУ-ын талаас хэрэв хамтарч ажиллахыг санал болговол хүлээн зөвшөөрөх боломжтой ч эсрэгээрээ улс эх орных нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гэсэн алхам хийж байгааг нь огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариултыг өгчээ. Харин үүний хариуд ерөнхийлөгч Доналд Трампын зүгээс жил бүр АНУ-ын 100 мянга гаруй иргэн Мексикийн картелиудын гарт амь үрэгддэгийг онцлон тэмдэглээд тухайн бүлэглэлүүдийн эсрэг авч буй арга хэмжээг чангатгах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдсэн байна. Хоёр орны дунд үүсээд байгаа энэхүү асуудалтай холбогдуулаад Мексик улсын Гадаад хэргийн яам АНУ-тай дээд хэмжээний уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаагаа лхагва гарагт уламжилжээ.