Албани улсад газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хохирогчдын тоо 31 болж нэмэгджээ

Мягмар гарагийн өглөө 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Албани улсад барилгын нуранги дотроос амьд үлдсэн хүмүүсийг аварч гаргах ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Одоогийн байдлаар газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хохирогчдын тоо 31 болж нэмэгдээд байгааг тус улс дахь улаан загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Үүнтэй холбогдуулаад Албани улсын засгийн газар лхагва гарагийг улс орон даяар гашуудлын өдөр болгон зарлаж, цаг нартай уралдан аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн аврах ажиллагаанд тусламж дэмжлэг үзүүлэхээр Итали, Грек, Швейцар, Турк зэрэг орнуудаас онцгой байдлын алба хаагчид болон техник хэрэгслүүдийг албани улс руу илгээгээд байна.

Балканийн хойгт, газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсэд байрладаг тус улсад 1979 оноос хойш гарсан хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байгаа энэхүү байгалийн гамшгийн улмаас хэдэн зуун барилга байгууламж нурж сүйдэн, 2500 гаруй хүн орох оронгүй болоод байгаа юм. Тэдгээр хүмүүст зориулан засгийн газраас түр хугацаагаар толгой хорогдох майхнуудыг олноор нь байршуулж, хоол хүнсний тусламж үзүүлж байгаагаа мэдэгджээ. Энэ удаагийн газар хөдлөлт нь Албани улсад сүүлийн 40 жил дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байгааг АНУ-ын геологийн судалгааны газраас мэдээлсэн юм.