Манай улсад анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага байгууллагдсанаас хойш 10 гаруй жилийн хугацаанд авлигын эсрэг үйл ажиллагаа эрчимжсэн ч авлига, авлигаас үүдэлтэй хохирлын хэмжээ буураагүй байна. өнгөрсөн оны байдлаар гэхэд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин өсжээ.
Авлигын улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч байгаа бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгааг авлигын эсрэг конвенцид дурдсан байдаг. Тодруулбал даяаршлийг дагасан сөрөг үзэгдлүүдийн нэг болох авлигын эсрэг зөвхөн нэг улс дангаараа тэмцсэнээр үр дүнд хүрэхгүй гэж үзэн 2003 онд нэгдсэн үндэстний байгууллагаас авлигын эсрэг конвенцийг баталсан байдаг. Харин манай улсын хувьд 2006 онд авлигын эсрэг хуулийг шинэчлэн баталж 2007 оны нэгдүгээр сараас авлигатай тэмцэх газар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.
Өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас 665 орчим тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 18 орчим тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн автомашин, тоног төхөөрөмж зэрэг 180 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин өссөн байна.
Олон улсын "Транспаренси Интернэшнл" байгууллага 1995 оноос хойш жил бүр дэлхийн улс орнуудын "Авлигын төсөөллийн индекс"-ийг гаргаж байна. Манай улсын сүүлийн таван жилийн авлигын индексийг авч үзвэл 2013 онд- 38 оноо буюу 176 орноос 87-р байрт, 2014 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт, 2015 онд- 39 оноо буюу 176 орноос 87-р байрт, 2016 онд- 38 оноо 176 орноос 87-р байрт жагсаж ирсэн бол, 2017 онд- 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарсан байдаг. Харин 2018 онд- 37 оноо авч, 180 орноос 93-р байрт орж, өмнөх жилээс 10 байраар урагшилсан байна.