АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хонконгийн ардчиллыг хамгаалах хууль баталлаа

Хонконгийн тэмцэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп "Хонконгийн хүний эрх, ардчиллын тухай хуулийг" лхагва гарагт эцэслэн баталсан байна. энэхүү шийдвэртэй холбогдуулаад БНХАУ-ын засгийн газраас АНУ-ыг улс эх орных нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэгт буруутгаж, сөрөг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

АНУ-ын конгрессоос дэвшүүлсэн Хонконгийн ардчиллын төлөөх тэмцэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой хуулийн төслийг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурж, эцэслэн баталснаа лхагва гарагт албан ёсоор мэдэгдлээ.

Ингэснээр худалдааны дайны нөлөөгөөр өнөөг хэр нь маргаантай байгаа хоёр орны харилцаанд улам тааламжгүй нөхцөл байдал үүсч, өнгөрөгч сараас эхлэн нааштайгаар эргээд байсан худалдааны асуудлаарх яриа хэлэлцээ талаар болох эрсдэл үүсээд байгааг ажиглагчид мэдээлж байна.

 "Хонконгийн ардчилал, хүний эрхийг хамгаалах хууль" батлагдсанаар АНУ-ын засгийн газраас жил бүр Хонконгийн автономит статус хангагдаж байгаа эсэх дээр үнэлгээ тавьж, эдийн засгийн хориг тавих боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн хүний эрхийг зөрчсөн Хонконгийн эрх баригчдыг хар жагсаалтандаа оруулж шийтгэл оногдуулах эрхтэй болж байна. үүнийг зарим шинжээчдийн зүгээс хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйл явдал хэмээн шүүмжилж байгаа бол Хонконгийн ардчиллын төлөөх тэмцэгчдийн зүгээс талархалтайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү шийдвэртэй холбогдуулаад БНХАУ-ын засгийн газраас АНУ-ыг улс эх орных нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэгт буруутгаж, сөрөг арга хэмжээг шуурхай бөгөөд хатуу арга замаар авахаа мэдэгдээд байна.