Манай улсад элэг шилжүүлэх 400 гаруй хагалгаа хийснээс 90 гаруй хувь нь амьд донортой байжээ

2018 оны нэгдүгээр сарын 19-нд донорын тухай хуулийг шинэчлэн баталж эрхтэн шилжүүлэн суулгах болон донорын тухай эрхзүйн нарийн зохицуулалтыг зааж өгсөн. Донорын тухай хуульд зааснаар монгол улсын 25 нас хүрсэн иргэн эрхтэн хандивлах үйл ажиллагаа, мэс засалд орох бүрэн эрхтэй болсон. Тэгвэл донор болсон хүмүүст нийгмийн хамгаалал, халамж зайлшгүй шаардлагатай болдог учир донорын хуулийг дагалдах хуулиудад нэмэлт зохицуулалт хийх шаардлагатай гэж эмч мэргэжилтнүүдийн зүгээс үзэж байна.

Хавдар судлалын үндэсний төвд 2018 оны нэгдүгээр сараас элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн. Донор болсон хүмүүсийн нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн байдлыг харгалзан үзэж нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг үзүүлэх шаардлагатай гэж эмч мэргэжилтнүүдийн зүгээс үзэж байна. Учир нь өнөөг хүртэл хийгдсэн элэг шилжүүлэн суулгах хагалгааны 90 гаруй хувь нь амьд донороос элэг шилжүүлэн суулгажээ. Донор болсон эдгээр хүмүүсийн тодорхой хэсэг нь 6-9 сар ажлаас завсарддаг байна.

Манай улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаатай холбоотой донорын тухай хууль 2002 онд батлагдаж 2009, 2011 онуудад шинэчлэгдсээр сүүлд 2018 онд шинэчлэгдсэн батлагдсан байдаг. Харин амьд хүнээс элэг шилжүүлэн суулгах хагалгааг 2011 оноос улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 400 гаруй элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Тэгвэл хавдар судлалын үндэсний төв 2018 оны нэгдүгээр сараас элэг шилжүүлэх хагалгааг хийж  эхэлснээс өнөөдрийг хүртэл 17 хагалгаа хийжээ. Эдгээрээс 2 нь амьгүй донороос хийсэн хагалгаа байна. Үлдсэн амьд донороос хийсэн 15 хагалгаа бүгд амжилттай болсон байна.

Элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлын 75 хувийг төр дааж 25 хувийг хариуцдаг учраас иргэнд учрах санхүүгийн дарамт бага байдаг болсон. Гэвч хагалгааны дараах ажил амьдралын нөхцөл байдлаас хамаарч нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Хавдар судлалын үндэсний төвөөс ирэх 2020 онд хагалгааны шарх сорвийг багасгах зорилгоор элэг шилжүүлэн суулгах  тал элгийг авах дурангийн хагалгааг аюулгүй хийх зорилт тавьж байгааг мэдээллээ.