Мальта улсын ерөнхий сайд огцрох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ

Мальтын эрэн сурвалжлах сэтгүүлчийн аллагын хэрэгтэй холбоотойгоор иргэдийн зүгээс ирэх дарамт шахалт нэмэгдэж байгаагийн улмаас тус улсын ерөнхий сайд Жосеф Мускат огцрох шийдвэр гаргаснаа зарлалаа.

Ням гарагт үндэсний телевизээр ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэлдээ тэрбээр ирэх он гэхэд огцрох өргөдлөө албан ёсоор өргөн барьж, түүнийг орлох дараачийн хүнийг сонгох ажлыг 1-р сарын 12 гэхэд гүйцэлдүүлэхийг эрх баригч намд үүрэг болгосноо мэдэгджээ.

Одоогоос хоёр жилийн өмнө тус улсын эрэн сурвалжлагч сэтгүүлч Дафни Каруана Гализиа сууж явсан автомашин нь тодорхойгүй шалтгааны улмаас дэлбэрснээр 58 насандаа таалал төгссөн юм.

Мальтын ерөнхий сайд, засгийн газрын хэрэг эхлэх газрын дарга тэргүүтэй өндөр эрх мэдэл бүхий хүмүүсийн оффшор хэргүүдийг Панамын баримтуудаар ил болгосон сэтгүүлч ийнхүү учир битүүлгээр амь үрэгдсэн нь олон нийтийн дунд цочрол үүсгэж, улмаар энэхүү хэргийн үнэн мөнийг олохыг шаардсан эсэргүүцлийн давлагаа тус улсад газар аваад байна.

Одоогоор түүний хэрэгтэй холбогдуулаад Мальта улсын цагдаа нар засгийн газрын эрх баригчидтай холбоо сүлбээ бүхий бизнесмэнийг өнгөрөгч бямба гарагт баривчилж, байцаалт авч байгаагаа мэдээлсэн юм. Түүнчлэн энэхүү хэрэгтэй холбоотойгоор Мальта улсын эдийн засаг, аялал жуулчлал тэргүүтэй хэд хэдэн салбарын сайд нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өргөн барьжээ.

Харин тус улсын төрийг 2013 оноос хойш буюу 6 жилийн турш удирдаж байгаа ерөнхий сайд Жосеф Мускатын тухайд мөрдлөгийн үйл явцад буруу шийдвэр олныг гаргаснаа мэдэгдээд, өөрийн хариуцлагаа ухамсарлаж, Мальта улсын төрийг дараачийн шинэ үед шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.