Умард Солонгос Япон руу баллистик пуужин харвана гэж сүрдүүлэв

Бнасау-аас өнгөрөгч талархлын баяраар туршсан хэт том калибрын пуужин харвагчийг япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо баллистик пуужин хэмээн мэдэгдсэн нь умард солонгосын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан байна.

Умард солонгосын төв мэдээллийн агентлаг бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзог баллистик пуужин болон ердийн пуужин харвагч хоёрын ялгааг ч гаргах чадваргүй улс төрийн алиалагч хэмээн шүүмжлээд жинхэнэ баллистик пуужин ямар байдгийг Япон улсад тун удахгүй мэдрүүлнэ гэж сүрдүүлжээ.

НҮБ-аас тавьсан хоригийн дагуу умард солонгосын дэглэм баллистик пуужингийн туршилт хийх хориотой тул япон улсын ерөнхий сайдын мэдэгдэл тэднийг ийнхүү цухалдуулсан байх магадлалтай гэж ажиглагчид үзэж байна түүнчлэн умард солонгосын талаас тун удахгүй баллистик пуужингийн томоохон туршилт явуулахаар зэхэж байж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс нь ангижруулах яриа хэлэлцээ мухардалд ороод байгаа энэ цаг үед АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп умард солонгосын удирдагчтай дахин хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтээ илэрхийлж, өнгөрөгч сард  твиттер хуудсан дээрээ удахгүй уулзъя гэсэн утгатай мэдэгдэл хийсэн нь хоёр орны удирдагчдын гурав дахь дээд хэмжээний уулзалт удахгүй болж магадгүй гэсэн таамаглалыг ажиглагчдын дунд үүсгээд байсан юм.

Үүний хариуд умард солонгосын төлөөлөгчид хэлэлцэж тохиролцсон уулзалт хэлэлцээ байхгүй гэдгийг онцлоод, өмнөх дээд хэмжээний уулзалтууд үр ашиггүй болсон тул дахин улс оронд нь ашиггүй уулзалт хэлэлцээ зохион байгуулах хүсэлгүй байгаагаа мэдэгджээ.

Умард солонгосын зүгээс АНУ-ыг цөмийн зэвсгээс ангижрах асуудал  дээр хэтэрхий хатуу шаардлага тавьж байна хэмээн шүүмжилж, энэ ондоо багтаан илүү уян хатан санал тавихгүй бол яриа хэлэлцээрээс бүрмөсөн гарна гэдгээ анхааруулаад байна.