Байгалийн түүхийн музейг хүчитгэн, сэргээн засварлах боломж байсан гэж үзэх иргэд олон байна

­­60 гаруй жилийн түүхтэй байгалийн түүхийн музейн барилгыг өнгөрөгч мягмар гарагаас эхлэн нурааж эхэлжээ. Уг нь иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерийг эсэргүүцэн шүүхэд хандаж улмаар анхан шатны шүүхээс барилга нураах ажлыг түдгэлзүүлэх шүүхийн шийдвэр гарсан ч эцэст нь салбарын яамнаас соёлын өвөө нураахаар шийдвэр гаргажээ.  

Байгалийн түүхийн музейн барилга анх 1953 онд баригдаж байсан. Уг нь жилдээ 80 гаруй мянган хүнд үйлчилгээ үзүүлдэг байсан ч барилгын чанар муудсан хэмээн 2013 онд тухайн үеийн соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас үйл ажиллагааг нь зогсоож байсан. Гэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас тус барилгыг ашиглалтын шаардлага хангаагүй аюултай гэж дүгнээгүй тиймээс урд удаан жилийн түүх соёлын хэлтэрхийг арчилгаа тордлогоо хийж сэргээн засах бүрэн боломжтой гэж судлаач хэлж байна.

2015 онд байгалийн түүхийн музейг соёлын өвд бүртгэж байсан. Учир нь төв талбайн ойр орчмын барилгууд архитектурын дурсгалд тооцогдох байгаад барилгын баганат хийц зэрэг нь энэ бүхнийг илтгэж байгаа юм.

Тийм ч учраас иргэний нийгмийн байгууллагууд барилгыг нураах бус сэргээн засах боломжтой гэж үзэж улмаар боловсролын яамны байгалийн түүхийн музейг нураах шийдвэрийн эсрэг шүүхэд хандсан байна. Анхан шатны шүүхээс тус барилгыг нураах шийдвэрийг түдгэлзүүлсэн. Гэвч боловсролын яамнаас давж заалдсанаар  яамны талд шүүхийн шийдвэр гарчээ.

Энэхүү асуудалд хариулт авахаар бид боловсролын яам болон  боловсролын сайдад удаа дараа хандсан боловч  байр сууриа нэгтгэж байгаа,  тиймээс мэдээлэл өгөх боломжгүй гэсэн  хариу өгсөн юм. Судлаачдын зүгээс тус музейн барилгын хэсгүүд муудаагүй гэдгийг илэрхийлж байсан ч төр нь  соёлынхоо эсрэг үйлдэл хийжээ.