Автозам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлэх тогтоолын төслийг баталжээ

Автозам ашигласны төлбөр авах журмын дагуу 2013 онд суудлын машин эзэмшигч 20 мянган төгрөг жилд төлөх тухай тусгасан байдаг. Тэгвэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус татварыг тав дахин нэмэгдүүлэх буюу 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр баталлаа. Гэхдээ автомашины хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаална харилцан адилгүй тогтоожээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар 2020 оны төсвийн тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тус төсөвт хэд хэдэн шинэ хураамж, татваруудаар төсвөө бүрдүүлэхээр тусгасан.  Өмнө нь нийслэлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрт 20  мянган төгрөг хурааж 2016-2018 онд дунджаар 11.3 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт орж байсан юм. Тэгвэл агаарын бохирдол, болоод түгжрэлийг бууруулах  зорилгоор тээврийн хэрэгслийг татварыг 5 дахин нэмэгдүүлнэ гэсэн юм.

2000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай автомашинд 100.000 төгрөг, 2201-3000 см3 хөдөлгүүрийн багтаамжтай автомашинд 150.000 төгрөг, 3001-4000 см3 -с дээш хөдөлгүүрийн багтаамжтай автомашинд 250.000 төгрөг, 4001 см3 -с дээш хөдөлгүүрийн багтаамжтай автомашинд 300.000 төгрөгийн татвар НИТХ-ын тогтоолын хавсралтаар баталлаа.

Агаарын бохирдол болон  түгжрэлийг бууруулах зорилгоор татвар нэмж байгаа нь үр дүнгүй. Хэрэв түгжрэлийг бууруулах зорилготой бол нийтийн тээврийн салбарыг дээд цэгт нь тултал хөгжүүлэх ёстой хэмээн эдийн засагчид үзэж байна. 2019 онд хийсэн судалгаагаар нийслэл хотын тээврийн хэрэгслийн 52.7 хувь нь 15-с дээш насжилттай гэж гарчээ. Хэрэв агаарын бохирдлыг бууруулах бол эдгээр насжилт өндөртэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй хязгаарлах боломж уг нь байсан боловч эцэст ард иргэдийн халаасыг тэмтэрч төсөв бүрдүүлэх сонголтыг хийжээ.