ОУВС-тай тохиролцож чадвал хоригийг хүлээж авах боломжтой

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 төсвийн тухай хууль болон бусад дагалдан батлагдсан зарим хуулиудад хэсэгчлэн хориг тавьсан юм. Тодруулбал 2020 оны улсын төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг УИХ хүлээн авч, амлалт хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзжээ.

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176, тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй. 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх тохиолдолд эдгээр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын өр улам өсөх, нийгмийн даатгалын сангийн алдагдал ихсэх, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох болон ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх сонирхол эрс буурах, дундаж давхаргын амьдрал доройтох, ажилгүйдэл ядуурал улам тэлэх зэрэг ноцтой, сөрөг үр дагаврууд шууд бий болох эрсдэлтэй хэмээн Ерөнхийлөгч хоригтоо дурдсан байна. Харин гишүүдийн хувьд НДШ-ийг нэмэгдүүлэх тухай ОУВС-тай хийсэн гэрээнд багтсан. Тиймээс ОУВС тай тохиролцож байж хоригийг хүлээж авах боломж бий гэж байна.

Мөн  2020 оны улсын төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,8 их наяд төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,8 тэрбум  төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн хориг тавьж байгаад зарим гишүүдийн хувьд эсрэг байр суурьтай байна. Ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.