Хэрэглээний зээл зохистой түвшинд байснаар санхүүгийн тогтвортой байдлыг ханган

2018 оны сүүлээр Монголбанкнаас бодлогын шийдвэр гаргаж хэрэглээний зээлийг хязгаарласан. Тодруулбал макро зохистой бодлогын шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийг хязгаарлах хоёр шаттай арга хэмжээ авсан. Эхлээд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэрийг 2018 оны 6 дугаар сард гаргасан. Өөрөөр хэлбэл иргэн таны авч буй сарын орлогын 70 хувиас зээлийн эргэн төлөлт хэтрэхгүй байна гэсэн үг. Энэ бол хэрэглээний зээлийг хязгаарлахын тулд авч буй эхний арга хэмжээ юм.  Үүний дараа иргэд сарын төлөлтөө багасгахын тулд илүү урт хугацаатай зээл авах эрсдэл бий болсон.

Тиймээс Монголбанкнаас өнгөрөгч оны есдүгээр сард хэрэглээний зээлийн эргэн төлөгдөх дээд хязгаарыг 30 сараар хязгаарлах шийдвэрийг гаргасан байдаг. Зээлийн өсөлт зохистой түвшинд хүрэх нь нэгдүгээрт, санхүүгийн эрсдэлийг бууруулж байгаа, нөгөө талаар макро болон санхүүгийн тогтворгүй байдал бий болохоос сэргийлж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн удаад хийсэн Монголбанкны мэдээллээр хэрэглээний зээл малчдын зээл рүү шилжсэн гэдгийг онцолж байгаа юм. Мөн нөгөө талаар банканд үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэглээний зээлийг хязгаарласнаар зээлийн эрсдэл банк бус байгууллага руу шилжих эрсдэл байгааг онцолж энэ тал дээр арга хэмжээ авахыг мэдээлж байна.

Харин хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлаж иргэдийг өрийн дарамтаас гаргах, нөгөө талаас бизнесийн салбарыг илүү дэмжиж эдийн засгийг идэвхжүүлэх шаардлага бодитоор тулгарч байгаа боловч дан ганц банкны салбарын хэрэглээний зээлийн хугацааг хязгаарлах нь эсрэгээрээ иргэд банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч улам өндөр өрийн дарамтад орох зэрэг олон эрсдэлийг дагуулж болох талтайг банк санхүү, эдийн засгийн судлаачдын зүгээс онцолж байгаа юм.