47-р сургуулийн цайны газрын мантуун буузнаас сурагчид хордсон байж болзошгүй байна

Баянгол дүүргийн 47-р сургуулийн сурагчид сургуулийн цайны газрын мантуун буузнаас хордсон байж болзошгүй шинж тэмдэг илэрч тус сургууль халдварт өвчин судлалын үндэсний төвд ханджээ. 47-р сургуулийн 7-р ангийн 16 сурагч халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсанаас нэг хүүхэд эмнэлэгт хэвтэж, үлдсэн 15 хүүхэд эмнэл зүйн зөвлөгөө авч өрхийн эмчийн хяналтад шилжсэн гэдгийг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна.

Сургуулийн цайны газрын мантуун буузнаас идсэн сурагчдад дотор муухайрах, шингэн базлах, гэдэс өвдөх, халуурах зовуурь илэрчээ. Өчигдөр 15 цагийн үед халдварт өвчин судлалын үндэсний төвд мэдээлэл ирснээс хойш өнөөдрийг хүртэл шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг албаныхан мэдээлж байна.

БГД-ийн 47-р сургуулийн цайны газрын тухайд 4 жил үйл ажиллагаа явуулж сурагчдын үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна. Сургуулийн нийгмийн ажилтны өгч байгаа мэдээллээр холбогдох газруудаас хийсэн шалгалтын хариу гартал сургуулийн цайны газрыг түр хугацаагаар хаажээ.

Өнөөдрийн байдлаар 47-р сургуулийн цайны газраас мантуун бууз идсэн нэг хүүхэд эмнэлэгт хэвтсэн байгаагаас бусад хүүхдийн эрүүл мэндийн байдал хэвийн хичээлдээ явж байгааг сургуулийн зүгээс мэдээлж байна. Мэргэжлийн байгууллагуудаас хийсэн шинжилгээний хариу энэ баасан гарагт гарах юм. Тодруулбал нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын ажил хийгдэж мантуун буузнаас дээш авч шинжилгээнд өгчээ. Мөн тус газраас 47-р сургууль дээр тандалт судалгаа хийж байгааг мэдээлсэн юм.