ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Серби улсын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Натогийн уулзалттай зэрэгцээд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хар тэнгисийн эрэг дээрх Сочи хотноо өчигдөр Серби улсын ерөнхийлөгч Александр Вучичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны удирдагчид байгалийн хийн асуудлаар  санал  бодлоо солилцож, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зүгээс Украйн улсаар дамжуулан европын улс орнууд руу байгалийн хийн нийлүүлэлтээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч Украин улстай хараахан тохиролцоонд хүрч чадахгүй байгааг мэдэгджээ.

Хэдий тийм ч ОХУ-аас Серби улс руу нийлүүлдэг байгалийн хий тасалдахгүй гэдгийг тэрбээр мэдэгдээд, өөр олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна.Үүний хариуд Серби улсын ерөнхийлөгч Александр Вучич хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглээд ОХУ-тай дахин зэвсгийн худалдаа хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Хэдийгээр натогийн удирдагчид ОХУ-аас ирэх аюул заналхийллийн эсрэг нэгдсэн байр суурьтайгаар тэмцэхээ мэдэгдсэн боловч ОХУ-ын зүгээс терроризм зэрэг олон улсад тулгамдаад буй томоохон асуудлууд дээр натогийн гишүүн орнуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжилсан байна.