Өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийг ирэх долоо хоногт эцсийн байдлаар хэлэлцэнэ

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 80 гаруй , хөдөө орон нутагт 50 гаруй телевиз, харин олон сувгийн үйлчилгээ болон кабелийн телевизийн үйлчилгээ эрхлэгч 10 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр телевизүүд болон үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын харилцааг зохицуулах, өргөн нэвтрүүлгийн контентыг дэмжих, үзэгчдийг соён гэгээрүүлэх ач холбогдолтой өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийн анхны  хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцжээ.

2005 онд УИХ-аас олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан ч энэ нь  зөвхөн үндэсний олон нийтийн радио телевизийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдсэн байна. Үүнээс хойш 2016 онд өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Тус хуулийн төсөлд үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх санг байгуулах тухай заалт орсон байна. Энэ нь үндэсний нэвтрүүлэг монгол бүтээлийг дэмжих зорилготой  бөгөөд сангийн эх үүсвэрийн улсын төсвөөс гаргана. Гэхдээ сангийн хөрөнгийг засгийн газрын тусгай сангийн хуулиар зохицуулна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бичгэн болон дохионы хэл бүхий нэвтрүүлэг бэлтгэн дамжуулах зохицуулалт бас оржээ.

Мөн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч компаниуд үзэгчдээс бүрдүүлж байгаа орлогын тодорхой хувийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй хуваах зохицуулалт бас тус хуулийн төсөлд орсон юм.

Гишүүдийн дийлэнх нь тус хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан эцэст зарчмын зөрүүтэй 60 саналыг хэлэлцэн ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Уг хуулийн төслийг баталбал, ирэх 7р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм.