Самоа улсад улаан бурхан өвчний халдвараар 60 хүн амь үрэгджээ

Номхон далайн Самоа улсад улаан бурхны халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо 4000-д хүрч, 60 хүн амь үрэгдээд байгаа нь ердөө 200 мянган хүн амтай тус улсад аюулын харанга дэлдээд байна.

Үүнтэй холбогдуулаад тус улсын засгийн газар өнгөрөгч 11-р сард улс орон даяар онц байдал зарлах арга хэмжээ авсны дээр вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийг гэрийнхээ гадна талд улаан өнгийн даавуу уяж,  вакцинжуулалтад гэрээсээ хамрагдахыг зөвлөжээ.

Одоогоор вакцинжуулалтын ажил 55 хувьтай явагдаж байгаа бөгөөд энэхүү тоог 90 хувьд хүргэх зорилт тавьснаа тус улсын ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар улаан бурхны халдвараар амь үрэгдсэн хүмүүсийн дийлэнхийг хүүхдүүд эзэлж байгаатай холбогдуулаад 17-с доош насны хүүхдүүдийг олон нийтийн газар явахыг нь түр хугацаагаар хориглох шийдвэр гаргаснаа эрх баригчид мэдэгджээ.

Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварлаж, халууралт тууралт зэрэг шинж тэмдгүүдээр илрэх бөгөөд 2-3 долоо хоногийн дотор эдгэдэг. Гэвч энэхүү халдварыг туссан 1000 хүүхэд тутмын 2 нь нас барах эрсдэлтэй байдаг байна.

Самоа улсад халдварт өвчний дэгдэлт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулаад нэгдсэн үндэстний байгууллагын хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ээс тус улс руу 110 мянган ширхэг вакцин илгээж, эм тарианы тусламж үзүүлж байгаагаа мэдээлсэн юм.