Натогийн удирдагчид орос болон Хятадаас ирэх аюул заналхийллийн эсрэг тэмцэхээ мэдэгдлээ


Умард атлантын гэрээний байгууллага буюу нато үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан их британийн нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан дээд хэмжээний чуулга уулзалт хоёр өдрийн турш ширүүхэн уур амьсгалын дор явагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн уулзалтын үеэр гишүүн орнуудын удирдагчид батлан хамгаалахын салбар дахь төсөв мөнгөний асуудал, турк улсаас Сирийн хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагаа тэргүүтэй хэд хэдэн асуудал дээр санал зөрөлдөөнтэй байсан ч уулзалтын төгсгөлд маргаантай байдлаа хойш тавьж, ОХУ болон БНХАУ-аас ирж буй аюул заналхийллийн эсрэг нэгдсэн байр суурьтайгаар тэмцэхээ мэдэгджээ.

Түүнчлэн уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп натогийн гишүүн орнуудад хандан батлан хамгаалахын салбарт оруулж байгаа төсөв хөрөнгөө нэмэгдүүлэхийг шаардаж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дор хаяж 2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг батлан хамгаалахын салбартаа зарцуулахыг уриалаад байсан юм.

Улмаар тус шаардлагын хүрээнд натогийн удирдагчид батлан хамгаалахын зардлаа 2024 он гэхэд төлөвлөсөн ёсоор 400 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

Түүнчлэн уулзалтын өмнөхөн Сири дэх Курдын зэвсэгт дайчдыг террорист бүлэглэл ангилалд оруулахгүй бол европын хойд болоод зүүн хэсэг дэх батлан хамгаалахын төлөвлөгөөг цуцална хэмээн сүрдүүлээд турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уулзалтын төгсгөлд тус шийдвэрээ өөрчилж байгаагаа мэдэгдсэн нь Лондонгийн чуулга уулзалт үр дүнтэй болсны илрэл боллоо гэж мэргэжилтнүүд  дүгнэсэн байна