Австрали улсын Сидней хотод ой хээрийн түймрийн улмаас усны хатуу хязгаарлалт тогтоолоо

Австрали улсад сүүлийн хэдэн арван жил нүүрлээгүй ган гачиг, ой хээрийн түймрийн улмаас тус улсын хамгийн том хот болох Сидней хотод усны хатуу хязгаарлалт хэрэгжиж эхэллээ. Одоогоор тус улсад хэт халалт болон хуурайшилтаас үүдэлтэй ой хээрийн түймрийн нөлөөгөөр 6 хүн амь үрэгдэж, хэдэн зуун барилга байгууламж сүйдэж, ихээхэн хэмжээний хор хохирол учраад байгаа юм. Албаныхны мэдээлж байгаагаар Сидней хотын харьяалагддаг шинэ Өмнөд Уэльс муж ундны усны хэрэгцээнийхээ 85 хувийг борооны уснаас хангадаг бөгөөд энэ жил хур тунадас муу байгаагаас шалтгаалаад усны нөөцийн далангууд нь  46 хувийн дүүрэлттэй байгаа юм. Хэдийгээр мужийн захиргаанаас өнгөрөгч 6-р сард 1-р түвшний хязгаарлалт тогтоож, усан бассейнуудыг дүүргэх болон ус түгээгүүрийн цоргыг нээлттэй орхихыг хориглох арга хэмжээ авсан ч ирэх 2-р сар гэхэд тус мужийн усны нөөц 40 хувь хүртлээ буурах төлөвтэй байна. Тэгвэл өнөөдрөөс эхлээд тус мужид агаарын температур цельсийн 40 хэмээс дээш гарч халах төлөвтэй байгаатай холбогдуулаад албаныхнаас хоёрдугаар түвшний усны хязгаарлалтыг тогтоох шийдвэр гаргажээ. Ингэснээр оршин суугчид шүршүүрт хамгийн дээд тал нь 5 минут орох бөгөөд өдрийн 10:00-аас 16:00 цагийн хооронд цэцэрлэг, талбайг услахыг хориглосон байна. Энэхүү хоригийг зөрчсөн хувь хүмүүс 220 Австрали долларын торгууль төлөх бол албан байгууллагууд 550 Австрали долларын торгууль хүлээнэ гэж албаныхан мэдээлжээ. Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар хэрэв ирэх хоёр жилд цаг агаарын байдал энэ хэвээрээ үргэлжилбэл тус мужийн нийслэл, 5 сая хүн амтай Сидней хотод 2022 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлээд байна.