1072 хувьцааны 2018 оны  ногдол ашгийг нөхөж олгохгүй харин 2019 оны ногдол ашгийг ТУЗ шийднэ

Өчигдөр буюу 12-р сарын 10-ны өдөр 1072 хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбооноос УИХ-ын өргөдлийн байнгын хороонд өнгөрөгч зургаадугаар сард хандан Эрдэнэс Таван Толгой ХК хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг өгөх асуудлаар өгсөн өргөдлийг хэлэлцлээ. 1072 хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах холбооноос иргэдэд хувьцааны ногдол ашгийг өгөх мөн тус компанийн хөрс сийрэгжүүлэлтэд зарцуулсан 56 тэрбумын төгрөгийн хэрэгт анхаарлаа хандуулах  тухай өргөдөлдөө дурдсан байдаг. Энэ асуудлаар өргөдлийн байнгын хороо Эрдэнэс Таван Толгой компанийн удирдлагуудаас мэдээлэл сонслоо. Эрдэнэс Таван Толгой компани энэ оны гуравдугаар улиралд 13,6 сая тонн нүүрс олборлож, 12,4 тонныг нь борлуулж нийт 2,2 их наяд төгрөгийн борлуулалттай ажилласан байна.

Одоогоор эрдэнэс  таван толгой компанийн нийт 12 тэрбум төгрөгийн хувьцаанаас төрийн эзэмшилд 9,7 тэрбум, иргэд 2,2 тэрбум төгрөгийн хувьцаа ногдож байгаа юм. Хэдийгээр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд хүртээх асуудал хөндөгдөж байсан ч засгийн газрын шийдвэрийн дагуу  Таван Толгойн төмөр замын бүтээн байгуулалтад 2018 оны ногдол ашгийг хуваарилсан юм. Харин иргэдийн бүртгэл дутуу байгаагаас ногдол ашиг хүртээх боломж бүрдээгүй хэмээн тус компанийн зүгээс тайлбарлалаа. Хуралдааны үеэр гишүүд иргэдэд олгох 55,4 тэрбум төгрөгийг олгох шийдвэр гаргасан цагт иргэдийн бүртгэл хангалттай бүрдэх ёстойг сануулж байсан юм. Эцэст нь тус байнгын хороо иргэдэд олгох ногдол ашиг хуваарилах асуудлыг судлах үүргийг  өглөө. Өнгөрсөн оны ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан харин 2019 оны ногдол ашгийг Эрдэнэт Таван Толгой компанийн төлөөлөн удирах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.