Сураггүй алга болсон нисэх онгоцны үлдэгдэл хэсгийг олжээ

Даваа гарагт Чили улсаас Өмнөд туйл хүрэх замдаа сураггүй алга болсон Си-130 Геркулес онгоцны үлдэгдэл хэсгийг илрүүлснээ тус улсын агаарын зэвсэгт хүчин өчигдөр мэдэгдсэн байна.

Өмнөд туйлын Кинг Жорж арал дээрх цэргийн баазад Ложистикийн тусламж үзүүлэх зорилготойгоор 38 зорчигчтой замдаа гарсан тус онгоц нь хөөрснөөсөө хойш 2 хүрэхгүй цагийн дотор холбоо тасарч, улмаар Чили улсын засгийн газраас өргөн цар хүрээг хамарсан эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа  юм. Тэгвэл Лхагва гарагт аврагчид онгоцны холбоо тасарсан газраас 30 км зайд онгоцны түлш агуулах савнаас тасарсан байж магадгүй  зөөлөвч маягийн зүйлийг далайд хөвж явахад нь илрүүлснээ мэдээлжээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд тухайн ослоос хүмүүс амьд гарсан байх магадлал тун бага байгаа тухай албаныхан мэдээлсэн юм. Чили улсын агаарын зэвсэгт хүчний генерал Эдуардо Москуйэрагийн мэдэгдсэнээр далайн уснаас олдсон хэлтэрхий Си-130 Геркулес онгоцны үлдэгдэл хэсэг мөн эсэхийг баталгаажуулах ажил явагдаж байгаа бөгөөд эрлийн ажиллагаа хэвийн байдлаар үргэлжилж байгааг мэдэгдсэн байна. Түүнчлэн эрлийн ажиллагаанд тусламж үзүүлэхээр бразил, уругвай аргентин зэрэг улсууд нисэх онгоцнуудаа илгээсэн бол АНУ-ын зүгээс хиймэл дагуулаас авсан мэдээлэл цуглуулан Чили улсын засгийн газартай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.