Байгалийн түүхийн 200 үзмэрээс бүрдсэн түр музейг 2020 онд байгуулна

Нурах эрсдэлтэйд тооцогдож, зургаан жилийн хугацаанд үүдээ бариад байсан Байгалийн түүхийн музейн А,Б блокийг өнгөрсөн нэг сарын хугацаанд бүрэн нурааж дууссан. Одоогоор В блок буюу сан хөмрөгийн барилгыг үлдээж, хуучин үзмэрүүдийг стандарт, шаардлагын дагуу хадгалж байгаа юм байна. Шинэ музейн барилга баригдах хугацаанд 200 орчим үзмэрээс бүрдсэн бичил музейг түр хэлбэрээр иргэдэд үзүүлэхээр болжээ.

59 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, 2013 оноос хаалгаа барьсан Байгалийн түүхийн музейн асуудал сүүлийн 6 жилийн хугацаанд яригдсан. Улмаар засгийн газрын тогтоолоор музейн хуучин барилгын суурин дээр "Чингис хаан"-ы музей байгуулж, байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн амын тусгай хамгаалалттай газар цогцолбор хэлбэрээр байгуулахаар болсон. Тиймээс нэг сарын хугацаанд хуучин барилгын эд зүйлсийг нүүлгэх, барилгыг буулгах ажлыг хийсэн. Одоогоор 12037 үзмэр бүхий сан хөмрөгийн барилгыг үлдээгээд байна.

Байгалийн түүхийн музей үүдээ барьснаас үүдэж, хүүхдүүд байгалийн түүхээр 6 жилийн хугацаанд аялж чадаагүй. Харин музейн барилгыг баригдаж дуусах хугацаанд түр музей хэлбэрээр иргэдэд үзмэрүүдийг үзүүлэх юм байна. АСЕМ-ын үеэр хурал зохион байгуулахаар төлөвлөж, Их тэнгэрийн аманд баригдаж байсан барилгыг Байгалийн түүхийн музейн цогцолбор болгоно гэх мэдээлэл байгаа. Одоогоор энэ барилгын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм байна.