Байгалийн түүхийн музейн бас нэгэн бүрдэл хэсэг бол Боржин чулуун арслангийн баримал юм. Бүтэн нэг зууны настай боржин чулуун арслангийн хоёр баримал нь анх Богд Жавзундамба хутагтын шар ордны үүдэнд байдаг байжээ. Харин Байгалийн түүхийн музейг нураасны дараа энэхүү боржин чулуун арслангийн баримлуудыг хот тохижилтын газарт түр хадгалж байна.

1937 оны хэлмэгдүүлэлтийн хоморгоор түүхийн олон үнэ цэнтэй олдворууд устаж үгүй болсон байдаг. Үүний дүнд 1800 онд баригдаж байсан Богдын шар ордныг нураасан юм. Түүний бууринд одоогийн Хүүхдийн урлан бүтээх төв баригдсан юм. Харин богдын шар ордны ганц дурсгал болсон боржин чулуун арслангийн баримлыг 1954 онд байгалийн түүхий музейг барихад үүдэнд нь байрлуулжээ. Боржин чулуун арсланг 2008 онд түүхийн соёлын дурсгал гэж бүртгэсэн ч байгалийн түүхийн музейг нураасны дараа түүнийг хэний эзэмшилд үлдээх асуудал хараахан шийдэгдээгүй. Уг нь богдын музейгээс өөрийн харьяалалд шилжүүлэх хүсэлт ирсэн ч орон нутгийн иргэд бас хүсэлт гаргажээ.

Бид өнгөрсөн үеийн түүхийн зарим үнэт олдворуудаа аль хэдийн үрэгдүүлж дууссан. Түүхийн өв соёл байх ёстой газраа л хадгалагдах ёстой. Уг нь Богдын музейгээс боржин чулуун арсланг үзмэртээ авах хүсэлт гаргасан ч одоо болтол шийдэгдээгүй байна.