Эмэгтэйчүүдийн квотыг зөвхөн сонгуулийн тухай хуулиас гадна улс төрийн намын тухай хуульд суулгах ёстой

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. Харин сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиас доошгүй байхаар тусгаж байгааг  хуулийн төслийн ажлын хэсэг танилцуулж байсан. Гэвч дэлхий нийт жендерийн тэгш байдлын амлалтаа биелүүлж байгаа энэ цаг үед эрх барих түвшин дэх эмэгтэйчүүдийн квотыг 30-40 хувьд хүргэх нь хамгийн тохиромжтой сонголт гэж судлаачид болон УИХ-ын зарим гишүүд үзэж байна. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас 2009 онд улс төр, нийгмийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаарх баримт бичигт шийдвэр гаргах бүх түвшний сонгуульт албан тушаалд жендерийн тэнцвэрт байдлыг дэмжихийг улс төрийн бүхий л оролцогчдод уриалсан байдаг. Үүний ч үр дүнд европын ихэнх улсуудад жендерийн тэгш байдлыг хангаад эхэлсэн. Тухайлбал Финланд улсын ерөнхий сайдаар 34 настай Санна Марин сонгогдсон. Финланд улс парламентын засаглалтай бөгөөд нийт гишүүдийнх нь 47 хувийг эмэгтэй гишүүд эзэлж байна. Харин манай улсын хувьд  2012 оны УИХ-ын  сонгуулиар 544 нэр дэвшигчийн 174 нь эмэгтэй үүнээс 11 нь УИХ-ын гишүүн болсон бол 2016 оны сонгуулиар 13 эмэгтэй гишүүн өнөөдөр төр түшилцэж байна.  Сонгуулийн жилд эмэгтэй гишүүд нэр дэвших тоо өсөж байгаа ч үүнийгээ хамгаалж чадахгүй байгаа нь дэлхийн дунджид хүрч чадахгүй байгаа шалтгаан болж байна.

Ирэх оны сонгуулийн тухай хуульд мөн эмэгтэйчүүдийн квотыг 20 байхаар тусгаж байгаа ч УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс эсрэг байр сууриа илэрхийлээд амжсан. Манай улсын хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг хэдий ч ийнхүү 20 хувиар тогтоох нь жендерийн эрх тэгш байдлыг хангахгүй байна гэж үзэж байгаа юм.Зөвхөн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгахаас гадна улс төрийн намын тухай хуульд зайлшгүй квотыг тогтоож байж бүрэн утгаараа эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх боломжтой гэж судлаачид харж байна. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс квотыг өсгөх асуудалд байр сууриа илэрхийлсэн. Энэ удаагийн сонгуулийн хуульд 30 хувиар квот тогтоохыг тэдний зүгээс шаардаж байгаа бөгөөд улс төрийн акц хийнэ гэдгээ ч илэрхийлсэн юм.