НИТХ-аар автозам ашигласны төлбөрийг хэвээр үлдээхээр шийдлээ

Энэ сарын эхэнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тогтоолын төслийг баталж 2020 оны нийслэлийн төсөвт оруулсан юм. Энэ асуудал өнгөрсөн хугацаанд олны анхаарлыг татаж багагүй эсэргүүцэлтэй тулж тэр ч бүү иргэдийн төлөөлөл жагсаал  цуглаан хийхдээ хүрсэн. Тэгвэл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хурлаар тус тогтоолын төслийг хүчингүй болголоо. 2013 онд авто зам ашигласны төлбөрт суудлын автомашин жилд 20 мянган төгрөг төлөхөөр тогтоолын  төсөл баталсан байдаг. Тэгвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар нийслэлийн авто замыг засаж сайжруулах, түгжрэлийг бууруулах зорилгоор тус төлбөрийг автомашины хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалан тав дахин нэмэгдүүлэхээр болсон. Ингэснээр жилд дунджаар 13 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт цуглардаг байсан бол төлбөрийг нэмэгдүүлснээр 50 тэрбумаар нэмэгдэх төсөөлөлтэй байжээ. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд хотын удирдлагуудад энэ шийдвэрээ эргэн харах чиглэл өгсөн бол  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаанаар тус тогтоолын төслийг хүчингүй болгож автозам ашигласны төлбөрийг хэвээр үлдээхээр боллоо. Хотын удирдлагуудын зүгээс сонгуулийн жилийн өмнө энэ асуудлыг зогсоосон нь улс төржилт гэж үзэж байгаагаа илэрхийлэн ирэх онд хийгдэх автозамын засварын ажлуудыг хийх боломжгүй болсон гэдгийг мэдэгдсэн юм.