Боинг компани

Нисэх онгоцны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Боинг компани энэ оны эхнээс маргаан дагуулаад байгаа 737 Макс загварын нисэх онгоцныхоо үйлдвэрлэлийг ирэх 1-р сараас эхлэн түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.

Одоогоос 9 сарын өмнө тус компанийн 737 Макс загварын нисэх онгоцтой холбоотой хоёр ч томоохон осол хоорондоо таван сар хүрэхгүй хугацаатай гарч, 300 гаруй хүний амь насыг авч одсон үйл явдлаас хойш дэлхий нийтээр тус онгоцыг нислэг үйлдэхийг нь түр хугацаагаар хориглох шийдвэр гаргаад байгаа юм. Хэдийгээр Боинг компани 2020 он гэхэд нислэг үйлдэх зөвшөөрлөө авахаар ажиллаж байгаагаа мэдэгдэж, 737 Макс загварын нисэх онгоцныхоо үйлдвэрлэлийг үргэлжлүүлсээр байсан ч АНУ-ын холбооны нислэгийн захиргаанаас Боинг компанийг онгоцныхоо аюулгүй байдлыг бүрэн баталгаажуултал зөвшөөрөл олгохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа юм.

Боинг компанийн тухайд АНУ-ын хамгийн том экспортлогч төдийгүй нисэх онгоцны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллагуудын нэгт тооцогддог. Тэгвэл тус компанийн 737 Макс загварын нисэх онгоцыг тойрсон аюулгүй байдлын асуудлын улмаас өнгөрсөн 3-р сараас хойш Боинг компани ойролцоогоор 9 тэрбум америк долларын алдагдал хүлээгээд байна. Түүнчлэн хамгийн сүүлд л гэхэд 737 Макс загварын нисэх онгоцны үйлдвэрлэлийг түр хугацаагаар зогсоох болсон мэдэгдлийн дараагаар тус компанийн хувьцааны ханш даваа гарагт 4 хувиар унасныг эх сурвалжууд мэдээлжээ.