Австрали улс энэ долоо хоногт түүхэнд байгаагүй хэт халалттайгаа нүүр тулах төлөвтэй байна

Өнгөрөгч 10-р сараас хойш ой хээрийн түймэрт өртөөд байгаа Австрали улсын Викториа болон шинэ өмнөд Уэльс мужуудаар энэ долоо хоногт агаарын хэм түүхэн дээд хэмжээндээ хүрч халах төлөвтэй байгаа талаар албаныхан сэрэмжлүүллээ.

Австрали улсын цаг уурын хорооноос мэдээлснээр энэ долоо хоногт агаарын дундаж температур цельсийн 50 хэмээс давах хандлагатай байгаа нь 1960 оны цельсийн 50.7 хэм хүртэл халж байсан рекордыг эвдэх төлөвтэй байгааг мэдээлжээ.

Хэт халалтаас гадна тус улсад газар авсан ой хээрийн түймрийн хор хохирол улам нэмэгдэж байгаатай холбогдуулаад албаныхнаас ард иргэдэд сэрэмжлүүлгүүдийг хүргүүлж байгаагаа мэдэгдсэн байна.

Шинэ өмнөд Уэльс мужид өнгөрсөн 7-р сараас хойш нийтдээ 7000 ой хээрийн түймэр гарснаас 2 сая гаруй га талбай хамарсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хамгийн сүүлд л гэхэд Сидней хотын баруун хойд хэсэгт Госперс уулан дээр гарсан түймэр 400 мянган га талбайг хамарч, онц байдал зарлах хэмжээнд хүрснийг албаныхан мэдээлжээ.

Энэ жилийн тухайд Австрали улсын түүхэн дэх хамгийн халуун жилүүдийн 2-рт бичигдэх төлөвтэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахины хэмжээнд хурцаар яригдах болсон ч үүний эсрэг бууруулах арга хэмжээ авч чадахгүй байгаа нь байдлыг жил ирэх тусам улам дордуулж байгаа талаар эрдэмтэд онцолж байна.

2015 оны Парисын гэрээнд тусгагдсанаар агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.5 хэмээр хязгаарлан барих зорилт тавиад байгаа ч бодит байдал дээр энэ нь цельсийн 3 хэм рүү ойртож байгааг  мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.