Франц улсад тэтгэврийн системийн өөрчлөлтийг эсэргүүцсэн ажил хаялт үргэлжилж байна

Франц улсад тэтгэврийн системд орсон өөрчлөлтийг эсэргүүцэх зорилгоор үндэсний хэмжээнд зарлагдсан ажил хаялт өчигдөр 13 дахь өдрөө үргэлжилж, улс орон даяар зохион байгуулагдсан эсэргүүцлийн жагсаалуудад 650 мянга гаруй хүн оролцсоныг албаныхан мэдээлжээ.

Жагсаалын үеэр тэмцэгчид хэв журам сахиулагчид руу тоосго шидэж, үүний хариуд цагдаа нарын зүгээс жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Улмаар үүсээд байгаа эмх замбараагүй байдлын улмаас Парис хотын алдарт Эйффелийн цамхаг үүд хаалгаа барьж, нийтийн тээврийн үйлчилгээнүүд саатаад байгаа юм.

Одоогоос 23 жилийн өмнө буюу 1995 онд Франц улсад мөн л тэтгэврийн системд гарсан өөрчлөлтийг эсэргүүцэх зорилготой ажил хаялт зарлагдсан нь нийтдээ гурван долоо хоногийн турш үргэлжилж, нийтийн тээврүүд бүрэн зогссоноор засгийн газар шийдвэрээ өөрчлөхөд хүрч байсан түүх бий.

Гэвч ерөнхийлөгч Эммануэл Макроны засгийн газар одоогийн тэтгэврийн системийг эрх тэгш хүртээмжтэй бус, ирээдүйд засгийн газрыг өрөнд оруулах эрсдэлтэй хэмээн шүүмжилж, тэтгэврийн системд өөрчлөлт оруулах шийдвэрээсээ буцахгүй гэсэн хатуу байр суурь баримталж байгаа юм.

Франц улсад сүүлийн 10 жилд тэтгэврийн насыг 60 байсныг 62 болгож нэмэгдүүлсэн нь эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын чинээлэг орнууд дотроосоо харьцангуй эрт тогтоосонд тооцогддог. Тухайлбал Их Британид тэтгэврийн насыг 65  хэмээн тогтоосон байдаг юм байна. Тэгвэл Франц улсад сүүлд гаргасан өөрчлөлтийн дагуу тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.