Ш.Алтантуяагийн аллагыг ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар үйлдсэнээ яллагдагч мэдүүлжээ

Одоогоос 13 жилийн өмнө Малайз улсад Монгол улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан юм. Тэгвэл 2009 онд Ш.Алтантуяагийн аллагад гэм буруутай нь тогтоогдож, цаазаар авах ял сонссон цагдаагийн офицер асан Азила Хадригийн өнгөрөгч онд өгсөн мэдүүлэг даваа гарагт ил болжээ. Үүнд дурдсанаар хэргийн захиалгыг тухайн үед Малайзын шадар сайдаар ажиллаж байсан Нажиб Разак өгсөн тухай мэдүүлсэн байна.

Монгол улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амийг хөнөөх даалгаврыг малайз улсын ерөнхий сайд асан Нажиб Разакаас авснаа энэхүү хэрэгт гэмт буруутай нь тогтоогдож цаазаар авах ял сонсоод байгаа цагдаагийн офицер Азила Хадри мэдүүлжээ.

Тодруулбал 2006 оны 10-р сарын 17-ны өдөр малайзын шадар сайд бөгөөд батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэж байсан Нажиб Разак Ш.Алтантуяаг үндэсний аюулгүй байдалд аюул учруулах гадаадын тагнуул гэсэн үндэслэлээр амийг нь хөнөөх аман тушаал өгсөн гэж Азила Хадри мэдүүлсэн байна.

Уг тушаалын дагуу түүнийг цагдаагийн тусгай хүчний зэвсгийн агуулахаас тэсрэх бөмбөгөөр хангаж, ул мөрөө баллахыг үүрэг болгосон гэж малайзын хэвлэл мэдээллүүд онцолжээ.

Улмаар тус хэргийг гардаж гүйцэтгэсэн цагдаагийн офицер Азила Хадри болон түүний хамсаатан цагдаагийн бага түрүүч Сирул Азхар умар нарыг Ша-Аламын дээд шүүхээс 2009 онд гэм буруутайг нь тогтоож  цаазаар авах ял оноосон ч 2013 онд цуцалсан юм.

Хэдийгээр холбооны шүүхээс 2015 онд ялын тогтоолыг эргэн сэргээх шийдвэр гаргасан боловч тухайн үед батлан даалтад байсан Сирул Азхар Умар хилийн чанадад зугтаж, Австрали улсад хоригдож байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Харин ерөнхий сайд асан Нажиб Разакийн зүгээс дээрх мэдүүлэгт эрс няцаалт хийж, өрсөлдөгчдийнх нь хийж байгаа явуулга хэмээн мэдэгдсэн байна.

Түүний хувьд энэхүү хэргээс гадна төрийн өмчит хөрөнгө оруулалтын сантай холбоотой авилгийн хэргээр мөн л шалгагдаж байгаа юм. Харин дээрх мэдүүлгийг өгсөн Азила Хадригийн тухайд хэргийг дахин шүүлгүүлэх хүсэлтийг холбооны шүүхэд өргөн бариад байна.