Манай улсын нийт хүн амын 38 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна

Нийгэм, улс орон хөгжихийн хэрээр сэтгэцийн тулгамдсан асуудал өсөх хандлагатай байдаг байна. Манай улсад хамгийн сүүлд 2013 онд  "хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт"-ын судалгааг хийсэн байдаг. Мөн 2018 онд Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслөөс "Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж"-ийн тайланг гаргасан байдаг.

-Манай улсын хүн амын 3% нь ямар нэг хэлбэрийн сэтгэцийн эмгэгтэй бол

-38% нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай буюу сэтгэцийн эмгэгт өртөх магадлал өндөр байна.

-2013 оны судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 65 хувь сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудалтай гэсэн дүн гарсан байна.

-30-54 насны хүн амд сэтгэцийн эмгэг өвчлөлийн төвшин хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байгааг судалгаагаар тогтоожээ.

Манай улсад 2013 онд үндэсний хэмжээний сэтгэцийн эрүүл мэндийн томоохон судалгааг хийсэн байдаг. Уг судалгаагаар манай улсад арван жилийн дотор архинд донтох эмгэг 25 дахин, сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Судалгаанд хамрагдсан нийт хүн амын 65%-д нь сэтгэцийн тулгамдсан асуудал байгааг тогтоожээ.

Тодруулбал сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн 18.5%-д сэтгэл түгшилт,   17.1%-д нойргүйдэл, 16.2%-д архаг ядаргаа, 6.6 %-д сэтгэл гутрал,  6.2 %-д архинд донтох эмгэг байгааг тогтоожээ. Дээрх судалгаа манай улсад сэтгэцийн эмгэг өвчлөл эрчимтэй өсөж байгааг харуулж байгааг судалгаанд онцолжээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хувь хүн сэтгэцийн эрүүл мэндийн талаарх зөв ойлголт хандлагатай болох, сэтгэцийн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Тэгвэл сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэнд, донтох эмгэгийг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгож байгааг онцолж байна. Учир нь гэвэл хүүхэд өсвөр үеийнхний дунд сэтгэцийн тулгамдсан асуудал, донтох эмгэг насанд хүрэгсэдтэй харьцуулахад өндөр байна. Тодруулбал өсвөр насныхны 30.5 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 9 хувь нь сэтгэл хөдлөл зан үйлийн эмгэгтэй байгааг үндэсний хэмжээний томоохон судалгаагаар тогтоожээ.