Австрали улсад агаарын дундаж температур түүхэн дээд хэмжээндээ хүрлээ

Энэ долоо хоногт түүхэн дэх хамгийн халуун өдрүүдтэйгээ нүүр тулаад байгаа Австрали улсад ой хээрийн түймэр улам газар авч байгаатай холбогдуулан тус улсын шинэ Өмнөд Уэльс муж онц байдал зарлах шийдвэр гаргалаа. Мягмар гарагт Австрали улсын агаарын дундаж температур 40.9 хэмд хүрсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн халуун өдөрт тооцогдож байгаа Төдийгүй цаашид үүнээс ч илүү халах төлөвтэй байгааг шинжээчид анхааруулжээ. Австралийн агаарын хэт халалт нь жил бүр олон мянган хүний амь насыг авч оддог гол хүчин зүйлээр нэрлэгддэг бөгөөд ой хээрийн түймэр, үер усны гамшгаас илүү хор хөнөөлтэй байгалийн гамшигт тооцогддог. Хэт халалт болоод хүчтэй салхины нөлөөгөөр ирэх өдрүүдэд ой хээрийн түймэр улам даамжрах төлөвтэй байгаагаас шалтгаал Шинэ Өмнөд Уэльс мужийн удирдлагууд 7 хоногийн хугацаатай онц байдал зарлан, 100 гаруй гал түймрийн голомтыг унтраахаар тэмцэж байгаа юм. Тус мужид өнгөрсөн 7-р сараас хойш нийтдээ 7000 ой хээрийн түймэр гарснаас 2 сая гаруй га талбайг хамарсныг эх сурвалжууд мэдээлж байна. Хэдийгээр Австрали улсад ид халалтын улиралд ой хээрийн түймэр гарах явдал түгээмэл байдаг ч сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ой хээрийн түймрийн цар хүрээ болоод хор хохирлын хэмжээ эрс нэмэгдэх болсныг мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулсаар байгаа юм. Өнгөрсөн 2018 болон 2017 онууд Австрали улсын түүхэн дэх хамгийн халуун жилүүдийн жагсаалтын 3 болон 4-р байранд эрэмбэлэгдэж байгаа бол 2019 оны тухайд л гэхэд 2 дахь хамгийн халуун жилээр нь нэрлэгдэх төлөвтэй байгаа юм.