БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө ашиглалтад оруулжээ

БНХАУ тэнгисийн флотын хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд тус улс анх удаагаа дотооддоо үйлдвэрлэсэн нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө мягмар гарагт ашиглалтад оруулж, Хайнань арлын Санья хотод болсон нээлтийн үйл ажиллагаанд тус улсын дарга Си Зиньпин өөрийн биеэр оролцсон байна.Тэрээр өнгөрсөн 2018 онд Өмнөд Хятадын тэнгист ардын чөлөөлөх армийн бэлтгэл сургуулилттай танилцах үеэрээ шинэ эрин зуунд хүчирхэг арми байгуулахыг зорьж байгаа коммунист намын бодлогын хүрээнд шинэчлэл, техник технологийн тусламжтайгаар цэрэг армийн хүчээ улам чангатгаж, дэлхийд толгой цохих хүчирхэг тэнгисийн флотыг байгуулахаар зорьж байгаагаа мэдэгдэж байсан юм. Тэр ч үүднээсээ БНХАУ сүүлийн жилүүдэд тэнгисийн флотын хүчээ зузаатгах зорилгоор ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж эхлээд байгаа төдийгүй өнгөрсөн 2018 онд л гэхэд тус улс цэргийн төсвөө 8 хувиар нэмэгдүүлжээ.Хятад улсын 100 хувь дотооддоо үйлдвэрлэсэн, Шаньдун хэмээх энэхүү хөлөг онгоц нь тус улсын цэрэг армийн хүчин чадлыг бүс нутгийн хэмжээнд хангалттай өсгөж чадна гэж ажиглагчид дүгнэж байгаа ч хүчирхэг тэнгисийн флотоороо дэлхийд тэргүүлдэг АНУ-ын хэмжээнд хүрэхэд дахиад хэдэн жил зарцуулах шаардлагатайг онцолж байна.