Одоогоос арав гаруй хоногийн өмнө үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн юм. Тус хуульд хаврын бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулж , арван дөрвөөс дээш насны хүүхэд уралдаанд оролцох тухай нэмэлтээр оруулах асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан байна. Тус төслийн нэмэлт нь засгийн газрын тогтоолыг болон  хүүхдийн эрхийн олон улсын Конвенцыг зөрчсөн заалт хэмээн хүний эрхийн үндэсний комисс болон хүний эрхийн байгууллагууд эсэргүүцэж байна. Тиймээс уг заалтыг хууль санаачлагчид буцаан татахаар болжээ.

Сүүлийн гурван жилийн байдлаар жилд 300-500 хүүхэд хурдан морины уралдаанд оролцож явахдаа унаж хүнд, хөнгөн бэртэл авсан гэсэн мэдээлэл байна. Мөн дунджаар 40 мянга гаруй хүүхэд хурдан морь унаж уралдаж байна. Өвөл, хаврын уралдааныг засгийн газрын тогтоолоор хориглосон боловч өнгөрсөн хугацаанд хэд хэдэн уралдаан зохион байгуулагдаж байсан. Гэвч Үндэсний их баяр наадмын тухай  хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр "Ерөөл өргөх" хаврын бүсийн уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдааны хурдан морийг ослын даатгалд даатгуулсан 14 буюу түүнээс дээш насны хүүхэд унана" заалтыг оруулж, улсын их хурлын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийж, хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна. Уг нь засгийн газрын тогтоолоор 1 сарын нэгнээс 5 сарын нэгэн хүртэл хурдан морины уралдаан явуулахыг хориглосон. Тус хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг хүний эрхийн байгууллагууд эсэргүүцэж байгаагаа илэрхийлж УИХ-ын даргад хандсан байна. Харин хууль санаачлагч хаврын бүсийн уралдаан зарлах нэмэлтээ буцааж татахаар болжээ.ямартай ч хүүхэд хаврын уралдаанд морь унах асуудал ийнхүү цэгцэрч байна.