Ханиад томуугийн өвчлөлөөс шалтгаалж хүүхдийн эмч, сувилагчийн ачаалал ихэсжээ

Ханиад томуугийн тархалт өндөр улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал ихэсжээ. Тухайлбал нийслэлийн Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн хувьд хоёр тасагт нийт 200 орны хүчин чадалтай бол ачаалал ихсэж орны тоог 140-р нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт 326 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 80 орчим хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Харин Баянзүрх дүүргийн хувьд мөн л ачаалалтай нийт 230 орны хүчин чадалтайгаас ачаалал ихсэж 240 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Орны хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа учраас эмч сувилагчдын ачаалал ихэссэнийг эмнэлгийн зүгээс мэдээлж байгаа юм. Тиймээс нийт эцэг эхчүүд асран хамгаалагчдад хандаж томуу, томуу төст өвчний идэвхжилийн үеэр хүүхдийг ханиад томуугийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Тодруулбал гэрээр хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах, дархлааг дэмжих, ханиадтай хүнээс тусгаарлахыг зөвлөж байгаа юм. Мөн дур мэдэн  эм тариа хэрэглэх зэргээс шалтгаалж хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандах тохиолдол байдаг байна. Тиймээс анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт шат дараалан хандаж эмчилгээ үйлчилгээ авах хэрэгтэй байна.  Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд хүүхдийн ханиад томуугийн цочмог хүндрэлийг дардаг болохыг дүүргийн хүүхдийн эмнэлгээс онцолж байгаа юм. Тиймээс эмнэлгээс гарсны дараа хүүхдийн асаргааг үргэлжлүүлэн сайн хийгээгүйгээс болж дахин ханиад томуугаар өвчлөн хүндэрч эмнэлэгт хандах тохиолдол байдаг байна. Тиймээс эмнэлгээс гарсны дараа асаргаа сувилгааг үргэлжлүүлж хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэй байна.