ОХУ-ын холбооны аюулгүй байдлын албаны гадаа буудалцаан гарч, нэг хүн амь үрэгдлээ

Өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо орон нутгийн цагаар оройны 6 цагийн үед холбооны аюулгүй байдлын алба буюу тагнуулын газрын төв байрны гадаа зэвсэгт этгээд гал нээсний улмаас 1 хүн амь үрэгджээ.

Түүнчлэн буудалцааны үеэр 5 хүн шархдсанаас хоёрынх нь биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээлсэн байна. Халдлага гарсан даруйд цагдаагийн ажилчид аюулгүй байдлын албаны ойр орчмыг бүслэлтэд авч, иргэдийг аюулгүй газарт шилжүүлсэн бөгөөд зэвсэгт этгээдийг буудан хөнөөснийг тус улсын Интерфакс агентлаг мэдээлжээ.

Одоогоор тагнуулын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгалтын ажил эхлүүлээд байгаа ч халдлага юуны учраас гарсан болоод хэн үйлдсэн талаарх мэдээллийг өгөхөөс татгалзсан байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар уг халдлагыг үйлдэгч этгээдүүд гурвуулаа байсан бөгөөд эхний хоёр нь аюулгүй байдлын албаны үүдний хэсэгт байх үедээ харин гурав дахь  нь цагдаа нараас зугтаж явах замдаа буудуулсан хэмээн мэдээлсэн ч аюулгүйн албаны  зүгээс дээрх мэдээлэлд няцаалт хийжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины жил бүр хийдэг хэвлэлийн хурлаас нэг цагийн дараа, цагдаа хүчний байгууллагын баярын өдрөөс нэг хоногийн өмнө гарсан энэ удаагийн халдлагыг урьдаас нарийн зохион байгуулсан байж болзошгүй хэмээн албаныхан таамаглаж байна.