Канад улс Хятадад баривчлагдсан иргэдийг нь суллах хүртэл худалдааны гэрээ байгуулахгүй байхыг АНУ-аас хүсэв

Одоогоос нэг жилийн өмнө БНХАУ-д баривчлагдсан Канад улсын хоёр иргэнийг Бээжингийн эрх баригчид суллаж явуулах хүртэл тус улстай худалдааны хэлэлцээр байгуулахгүй байхыг Канад улсын ерөнхий сайд Жастин Трудо АНУ-д уриалжээ. Өнгөрөгч оны 12-р сард БНХАУ-ын технологийн Гигант Хуавей компанийн санхүү эрхэлсэн захирал Мэнь Ванжау АНУ-ын захиалгаар Канадын Ванкувер хотод баривчлагдсанаас хойш Канад болон хятад хоёр орны харилцаа эрчимтэй муудаад байгаа юм. Хуавей компанийн үүсгэн байгуулагчийн охиныг баривчилсан үйл явдлын дараагаар Хятад улс даруй сөрөг арга хэмжээ авч,  канад улсын дипломатч асан Майкл Ковриг болон бизнесмэн Майкл Спевор нарыг үндэсний аюулгүй байдалд аюул учруулах үйлдэл гаргасан гэсэн үндэслэлээр баривчилжээ.

Хэдийгээр Канад улсын зүгээс дээрх баривчилгаа нь ямар нэг улс төрийн  зорилго агуулаагүй хэмээн мэдэгдээд байгаа ч АНУ-тай худалдааны дайн зарлаад байгаа хятад улсын тэргүүлэгч байгууллагын захирлыг АНУ-ын хүсэлтээр баривчилснаараа канадын эрх баригчид өөрсдийгөө хүнд байдалд оруулж байна гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Вашингтон, Бээжингийн хооронд жил дамжин үргэлжилж байгаа худалдааны дайн түр завсарлаж, талууд "нэгдүгээр үе шат"-ны гэрээ байгуулахаар тохиролцоод байгаа ч канад улсын зүгээс иргэдийг нь суллах хүртэл гэрээ байгуулахаа түр азнах хүсэлтийг АНУ-д тавиад байна.