Куба улс сүүлийн 40 жилд анх удаагаа Ерөнхий сайдаа томиллоо

Куба улсын Ерөнхийлөгч Мигель Диаз Канель ням гарагт засгийн газрын тэргүүний албан тушаалд аялал жуулчлалын сайд Мануэль Марреро Крузыг томилох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна.

Ингэснээр 2004 оноос хойш аялал жуулчлалын сайдын албан тушаалыг хашиж байгаа өдгөө 56 настай Маррерогийн хувьд 1976 оноос хойших Куба улсын анхны ерөнхий сайдаар тодорч байгаа юм.

Учир нь тус улсын удирдагч агсан Фидель Кастро засгийн эрх мэдлийг гартаа авснаасаа хойш төрийн тогтолцооноос ерөнхий сайдын албан тушаалыг хасаад байсан ч Ерөнхийлөгч Мигель Диаз Канелийн засгийн газар энэ оны эхээр үндсэн хуульд шинэчлэл оруулж, ерөнхий сайдын албан тушаалыг эргэн сэргээх шийдвэр гаргажээ.  Энэ нь төрийн эрх мэдлийг хэт нэг хүнд төвлөрүүлсэн явдлыг зорилготой алхам болж байна хэмээн ажиглагчид үзэж байна.

Фидель Кастрогийн засаглалаас хойш Куба улсын төрийг удирдаж байсан түүний дүү  Рауль Кастро өнгөрөгч онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөр 1959 оны хувьсгалаас хойш Куба улсын засгийн эрхийг гартаа барьж байсан ах дүү Кастрогийнхны эрин үе дуусгавар болж, тухайн үед дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Мигель Диаз Канель Куба улсын шинэхэн ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм.