Австралид ой хээрийн түймрийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 9 болж нэмэгдлээ

Сүүлийн хоёр сарын турш ой хээрийн түймэр газар аваад байгаа Австрали улсад урьд хожид байгаагүй хэт халалт нүүрлэсний улмаас өнгөрөгч долоо хоногт гурван хүн амь үрэгдсэн байна. Ингэснээр тус улсад 10-р сараас хойш ой хээрийн түймрийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 9 болж нэмэгдээд байгааг албаныхан мэдээлжээ.

Улс оронд нь нүүрлээд байгаа энэхүү хүнд хэцүү цагт ард иргэдээ орхин, гэр бүлээрээ Хавайд амарч явсан гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа ерөнхий сайд Скотт Моррисоны зүгээс ням гарагт албан ёсоор уучлалт гуйж, эцэг хүний хувиар хүүхдүүддээ амласан амлалтаа биелүүлсэн ч Ерөнхий сайдын хувиар хариуцлагагүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрөөд,  шүүмжлэлийг хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна.

Одоогоор тус улсын шинэ өмнөд Уэльс мужид 105 түймрийн голомт байгаагаас тал орчим хувийг нь унтраагаад байгаагаа  мужийн галт түймэртэй тэмцэх алба мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Австрали улс түүхэн дэх хамгийн халуун өдрүүдтэйгээ нүүр тулж, улмаар хэт халалт болоод хуурайшилтаас үүдэлтэй ой хээрийн түймэр улам газар авах аюул нүүрлэсэнтэй холбогдуулан шинэ өмнөд Уэльс мужийн удирдлагууд сүүлийн 2 сарын хугацаанд 2 дахь удаагаа онц байдал зарлах шийдвэр гаргасан юм.

Австралийн агаарын хэт халалт нь жил бүр олон мянган хүний амь насыг авч оддог гол хүчин зүйлээр нэрлэгддэг бөгөөд ой хээрийн түймэр, үер усны гамшгаас илүү хор хөнөөлтэй байгалийн гамшигт тооцогддог байна.