Автобусны картыг дэлгүүр, үйлчилгээний газрын кассын пос машинаар цэнэглэдэг боллоо

Нийслэлд өнөөдрийн байдлаар 500 цэгт автобусны карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна. Уг үйлчилгээг ихэвчлэн түргэн үйлчилгээний цэгээр дамжуулан үзүүлдэг. Гэвч иргэдээс автобусны карт цэнэглэх цэгүүд өглөө эрт онгойдоггүй, оройн цагаар хаалттай байдаг гэх шүүмжлэл тасардаггүй бөгөөд мөн бэлэн бус төлбөрийн систем ашиглаж автобусны карт цэнэглэх боломжгүйд шүүмжлэлтэй ханддаг.

Тэгвэл Улаанбаатар смарт карт компаниас хүнсний дэлгүүр, пос ашигладаг бусад үйлчилгээний газрын  кассын пос машинаар дамжуулж u-мoney картын цэнэглэх үйлчилгээг нэвтрүүлснээ зарлалаа. Ингэснээр автобусны карт цэнэглэх цэг 200-аар нэмэгдэх боломжтой болж байгаа юм байна.

Тодруулбал иргэд зөвхөн автобусны буудлуудад байрлах гэрээт цэгүүдээр автобусны картаа цэнэглэдэг байсан бол одоо  өөрт ойрхон байрлах хүнсний дэлгүүр болон пос ашигладаг бүхий л газраар дамжуулж картаа цэнэглэх боломж бүрдэж байна. Пос машин нь бэлэн бус төлбөр тооцооны олон боломжийг нэг дороос авах боломж бүхий карт уншигч бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг автоматаар бүртгэж банкны картаар хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтойгоороо онцлог юм. Мөн ирэх 2020 он гэхэд автобусны карт цэнэглэх цэгийн тоог энэхүү үйлчилгээгээр дамжуулж 2000-д хүргэнэ гэдгийг Улаанбаатар смарт карт компаниас мэдээлсэн юм.

Мөн Улаанбаатар смарт карт компани хүсэлт гаргасан иргэдэд 2020 оны нэгдүгээр сараас картын үлдэгдлийг буцаан олгох үйлчилгээ үзүүлэхээр болжээ.