2020.01.01-ээс хойш орон сууц худалдан авсан, барьсан татвар төлөгч хувь хүн 6 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлтийг буцаан авна

Энэ онд татварын ерөнхий хуулиа шинэчлэн найруулж, ирэх 1-р сарын 1-ээс хэрэгжүүлэх гэж байгаа. Ингэхдээ хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүрээнд орон сууц болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн журамд тодорхой өөрчлөлтийг оруулжээ. Тодруулбал албан татвар төлөгч нь өөрийн төрсөн буюу үрчилсэн хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдэлж байсан бол шинэ хуулиар нэмэлтээр дагавар, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийн сургалтын төлбөрт хөнгөлөлт эдлүүлэхээр болжээ.

Амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, үл хөдлөх хөрөнгө барьсан болон их, дээд сургууль коллежийн төлбөр төлсөн татвар төлөгч хувь хүн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагддаг.

Ингэхдээ 30 хүртэлх сая төгрөгийн орлого чөлөөлж, 3 сая хүртэлх төгрөгийн албан татварыг буцаан олгодог. Харин 2020 оны 1-р сарын 1-ээс 6 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлт эдлүүлж, татвар төлөгч иргэнд буцаан олгохоор болжээ. Эсвэл ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлтийг эдлүүлэх юм байна.

Түүнчлэн ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хүрээнд албан татвар төлөгч нь өөрийн төрсөн буюу үрчилсэн хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдэлж байсан. Харин шинэ хуулиар нэмэлтээр дагавар, асран хамгаалагчаар тогтоогдсон, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийн сургалтын төлбөрт хөнгөлөлт эдлүүлэхээр болжээ.

Албан татвар төлөгчдөд эдлүүлэх ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг 1-р сараас эхлэн 2-р сарын 15-ыг дуустал дүүргийн татварын хэлтсүүдэд хүлээн авна. 2020 он гармагц, бүрдүүлэх материал болон хур системээр дамжуулан олгох материалын жагсаалтыг олон нийтэд хүргэх юм байна.