Залилан мэхлүүлэх гэмт хэргийн хохирогч болох эсэх нь иргэн танаас шалтгаална

Иргэдийн итгэлийг ашиглан  цахим сүлжээнд залилан мэхлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байна. Тодруулбал улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар 30 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний 16 хувь нь цахим сүлжээг ашиглан залилан мэхэлсэн гэмт хэрэг байжээ. Тиймээс өөрөөс шалтгаалсан гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Понзи, Стэнпорд зэрэг санхүүгийн пирамидтай холбоотой гэмт хэрэг залилангийн гэмт хэрэгт жин дарсан хэвээр байна. Харин сүүлийн үед онлайн худалдаа, азын сугалаа нэрийдлээр иргэдийн итгэлийг олж, дансанд мөнгө төвлөрүүлж, улмаар залилж байна. Мөн бусдын Фэйсбүүкийн нууц үгийг хууль бусаар олж авч, мөнгө гуйж залилан мэхэлж байна. 

Одоогоор СХД-ийн цагдаагийн хэлтсээс 300 гаруй хохирогчтой хэрэг, эрүүгийн цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 300 гаруй хохирогчтой хэргийг шалгаж байна. 

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, хуурч, аль эсвэл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, мөн зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг юм байна.