Хохирогч хүүхдийн өмгөөлөгчийн зардалд дунджаар нэг сая төгрөг зарцуулагддаг

Монгол улсын төр хүүхдээ хамгаалах үүрэгтэй. Гэвч сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл тэр дундаа бэлгийн хүчирхийллийн тоо өсөж байна. Мөн энэ төрлийн хэргийн эсрэг олон төсөл хөтөлбөр эхлүүлсэн боловч үр дүнд хүрдэггүй. Хамгийн энгийн жишээ гэвэл  хохирогч хүүхдүүдийн сэтгэл санаа болоод бие махбодын гэмтэл, хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдэж чадахгүй өнөөдрийг хүрч байна.Хамаатан садан, ураг төрлийн тэр дундаа хойд эцэг эхийн гарт зодуулж, бие махбодын хүчирхийлэлд өртсөн 1300 гаруй хүүхдийн дуудлага 2018 онд бүртгэгдсэн бөгөөд үүнээс 34 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэсэн статистик байна. Гэвч эдгээр хохирогч хүүхдүүдийн сэтгэл санаа болон бие махбодын хохирлын нөхөн төлбөр шийдэгдэж чадахгүй байгаа нь нэг талаас төсөв, нөгөө талаас хуулийн зохицуулалт дутмагтай холбоотой. Одоогоор эрүүл мэндийн даатгалаар тухайн хохирогч хүүхдийн бие махбод дахь ил шарх, өвчлөлийн эмчилгээг хийж байна. Харин гүн сэтгэцийн эмгэгт орсон хүүхдийн сэтгэл санааны эмчилгээний зардлыг энэ намраас эхлэн өмгөөлөгчөөр дамжуулан гэмт этгээдийн талаас гаргуулсан байна. Төр засгаас энэ чиглэлд олон ч удаа үүрэг амлалт даалгавар өгч байсан. Гэвч хохирогчийн өмгөөллийн зардлыг хохирогч өөрөө хариуцах, сэтгэлзүйн эмчилгээний зардлыг төлж чадахгүйгээс эмчилгээ хийлгэж чадахгүй байх нь хэвийн үзэгдэл болжээ. Гэр бүлийн тухай хуулийн төсөлд тусгай сан байгуулна энэхүү зардлыг гаргахаар тусгасан ч сангийн яам, хөдөлмөрийн яамнаас төслийг хассан байна. Нэг хохирогч хүүхдийн ар гэрээс дунджаар 4-5 сая төгрөгийн зардал гаргадаг. Үүнээс дунджаар нэг сая төгрөг нь зөвхөн өмгөөлөлд зарцуулагддаг.