Япон, өмнөд солонгос, хятад улсын тэргүүн нар гурван талт уулзалт хийлээ

Япон, Өмнөд солонгос, БНХАУ-ын төр засгийн тэргүүн нар бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэхээр Хятадын Чэнду хотноо өчигдөр гурван талт уулзалт хийлээ. Энэ үеэр талууд АНУ болоод умард солонгосын хооронд энэ оны эхнээс мухардалд ороод байгаа цөмийн зэвсгийн асуудлаарх яриа хэлэлцээрийг эргэн сэргээх тал дээр туслалцаа үзүүлэн хамтран ажиллах зөвшилцөлд хүрснийг Өмнөд солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ. Умард солонгосын зүгээс АНУ-ыг цөмийн зэвсгээс ангижрах асуудал  дээр хэтэрхий хатуу байр суурь баримталж байна хэмээн шүүмжилж, энэ ондоо багтаан илүү уян хатан санал тавихгүй бол яриа хэлэлцээрээс бүр мөсөн гарна гэдгээ анхааруулаад байгаа юм. Тэр ч үүднээсээ сүүлийн үед Умард Солонгосын талаас дайсагнасан шинж чанартай үйлдлүүд эрс ажиглагдах болж, зэвсгийн туршилтуудыг удаа дараа явуулах болсон нь хөрш зэргэлдээх орнуудынх нь хувьд толгойны өвчин болж хувираад байна. Үүнтэй холбогдуулаад Японы ерөнхий сайд Абэ Шинзо АНУ, Умард солонгосын цөмийн яриа хэлэлцээний эрчийг хадгалах хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн ч НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатайг мэдэгджээ. Улмаар өнгөрсөн талархлын баяраар  хэт том калибрын пуужин харвагчаа туршиж АНУ-д зориулсан бэлэг хэмээн мэдэгдэж байсан Умард солонгосын тал энэ зул сарын баяраар буюу өнөөдөр томоохон бэлэг барихаар төлөвлөснөө анхааруулаад байгаа юм. Ажиглагчдын зүгээс үүнийг тив алгасагч баллистик пуужингийн туршилт байж магадгүй хэмээн таамаглаж байна.