ОХУ зэр зэвсгийн салбарт дэлхийд тэргүүлэгч болсныг В.Путин мэдэгдлээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  улс эх орон нь шинэ зэвсэг бүтээх тал дээр дэлхийн бусад улс орнуудыг ардаа үлдээснийг онцлон тэмдэглээд, дэлхий дээр дуунаас хурдан зэвсэг бүтээх чадалтай цорын ганц улс байгаа нь ОХУ хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр хүйтэн дайны он жилүүдэд зөвлөлт холбоот улс цөмийн бөмбөг, тив алгасагч баллистик пуужин тэргүүтэй зэр зэвсгийн салбарт үргэлж АНУ-ын хойно байсаар ирсэн ч өнөө цагт түүхэндээ анх удаагаа зэвсгийн салбарт тэргүүлэгчийн байр суурийг эзэлж, цоо шинэ зэвсгүүдийг хөгжүүлэх чадвартай болсныг мэдэгдсэн байна. Түүний 2018 онд анх олон нийтэд танилцуулж байсан Кинжал хэмээх дуунаас 10 дахин хурдан пуужин аль хэдийн армид ашиглагдаад эхэлчихсэн байгаа бол тун удахгүй дуунаас 10 дахин хурдан авангард хэмээх зэвсгээр тоноглогдсон зэвсэгт хүчний шинэ анги нэгтгэлийг байгуулахаар төлөвлөснөө мэдээлжээ.

Одоогоос 5 жилийн өмнө Украинаас Крымийн хойгийг салгаж авсан үйл явдлаас хойш барууны орнуудтай харилцаа нь улам хурцадмал байдалд шилжээд байгаа ОХУ цэрэг армийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд энэ жил 143 ширхэг байлдааны нисэх онгоц, 624 ширхэг хуягт тэргээр армийнхаа хүчин чадлыг сэлбэснийг батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн байна. Хэдийгээр АНУ болоод дэлхийн бусад улс орнууд дуунаас хурдан зэвсэг бүтээхээр зорилт болгон ажиллаж байгаа ч дахиад хэдэн жил шаардлагатай байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.