Асгатын мөнгөний ордын дээж 50 кг цалин цагаан мөнгийг Монголбанкны эрдэнэсийн санд тушаалаа

 Эрдэнэс монгол компани, “Эрдэнэс Силвер Ресурс” компани болон Монголбанкны удирдлага хооронд үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ байгуулагдлаа. Энэхүү гэрээг байгуулснаар Монголбанканд   “Эрдэнэс Силвер” компани 2024 он хүртэл жил бүр цалин цагаан мөнгө тушаахаар болж байна. Өнөөдөр нийт 50 кг цалин цагаан мөнгийг эрдэнэсийн санд тушаалаа. Энэ онд Монголбанкны валютын нөөц 4,2 тэрбум америк долларт хүрсэн байна. Тэгвэл эрдэнэсийн санд “Эрдэнэс Силвер” компаниас жил бүр доод тал нь 75-аас доошгүй тонн цалин цагаан мөнгө тушаахаар гэрээнд тусгасан байна. Харин өнөөдрийн гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын дарга Занданшатар үг хэлэхдээ өмнө нь асгатын мөнгөний ордыг цөөн хүмүүс хууль бусаар ашиглаж байсныг монгол хүмүүс өөрсдөө баяжуулан ийнхүү дээжийг нь Эрдэнэсийн санд тушааж байна хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Цаашид 1,2 их наяд төгрөг, 500 орчим сая долларын мөнгөний нөөцийг  Асгатын ордоос Эрдэнэсийн санд тушаахаар болж байна. Хамгийн гол нь энэ нь үндэсний баялгийн сангийн эхлэл тавигдаж байгааг цохон тэмдэглэсэн юм. Хамтран ажиллах гэрээгээр 850-980 хувиас доошгүй сорьцтой алт, мөнгө үнэт металлын агууламж бүхий гулдмайг “Эрдэнэс Силвер” компаниас Монголбанканд нийлүүлэхээр гэрээ байгуулсан нь үндэсний баялгийн эхлэл төдийгүй цаашид мөн Эрдэнэс силвер компани гэрээгээ хөгжлийн банканд барьцаалан алт мөнгөний бонд гаргаж улмаар томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломж бүрдсэн.