130 жилээр хоцрогдсон тэтгэврийн системээ өөрчлөх хөдөлгөөнийг Эдийн засагчид эхлүүлжээ

Тэтгэвэр нь ирээдүйдээ хуримтлал үүсгэх нийгмийн баталгааны төрөл юм. Манай улс 1995 онд нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжиж, өнөөг хүртэл нэг системээр Тэтгэврийн даатгалын санд мөнгөн хуримтлал үүсгэж байна.

- Тэгвэл энэ оны эхний 10 сарын байдлаар 46.9 мянган ажил олгогч, 1.1 сая даатгуулагч нийгмийн даатгалд хамрагджээ.

- Үүнээс 618.9 мянган хүнд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал олгосон байна.

- Тодруулбал үүнээс жилд дунджаар 300 мянга гаруй хүн тэтгэвэр авдаг бол

- Тэтгэврийн дундаж хэмжээ 341 мянган төгрөг байна гэсэн тооцоо бий.

Өнөөдрийн байдлаар манай улсад хэрэгжиж байгаа энэ тогтолцоо дэлхийн улс орнуудаас 130 жилээр хоцрогдсон бөгөөд сүүлийн 30 жилд улс орнууд тэтгэврийн шинэчлэл хийгээд байгаа. Тиймээс ч манай улсад одоо мөрдөгдөж байгаа тэтгэврийн системд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж эдийн засагчдын төлөөлөл үзэж байна.  Одоогийн тэтгэврийн системийг 1880-аад онд анх герман улсад нэвтрүүлж байсан. Харин манай улс 1995 оноос өнөөг хүртэл энэ системийг мөрдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл сүүлийн 30 жилийн хугацаанд Герман улс төдийгүй улс орнууд энэ системдээ удаа дараа шинэчлэл хийсэн байхад манай улсын тэтгэврийн систем хоёр зуунаар хоцрогдолтой байна.  Тодруулбал Нийгмийн даатгалын санд цалингийнхаа 11.5 хувийг, үүнээс 8.5 хувь нь Тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлж, эрэгтэй хүн 60 насандаа, эмэгтэй хүн 55 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж байна. Тэгвэл энэ хуучин тогтолцоонд шинэчлэл хийж, иргэдийн ирээдүйг баталгаатай болгох шаардлагатай гэж эдийн засагчдын төлөөлөл үзэж байна.

Эдийн засагчдын зүгээс тэд эхний ээлжид тэтгэврийн системээ шинэчилж чадсан улс орнуудын тэргүүн туршлагыг судлаад байгаа юм байна.

Эдийн засагчид тэтгэврийн шинэчлэл хийх бодлогын баримт бичгийг боловсруулжээ. Тэдний зүгээс намуудад  богино настай популист амлалт өгөлгүйгээр, мөрийн хөтөлбөртөө тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг тусгахгүй бол цаашлаад тэтгэврийн систем улам дордох эрсдэлтэй гэдгийг анхааруулсан юм.