ОХУ-ын нийслэл Москва хотод сүүлийн 133 жил дэх хамгийн дулаан өвөл болж байна

ОХУ-ын нийслэл Москва хотод энэ жил урьд хожид байгаагүй дулаан өвөл болж байна. Мягмар гарагийн байдлаар тус хотод агаарын температур цельсийн 6.2 хэмд хүрсэн нь сүүлийн 133 жил дэх өвлийн хамгийн дулаан өдрөөр нэрлэгдээд байгаа юм.Тодруулбал хамгийн сүүлд Москва хотод 1886 оны 12-р сарын 05-ны өдөр агаарын температур цельсийн 5.3 хэм хүрч байснаас хойш ингэтлээ дулаарч байгаагүйг мэргэжилтнүүд онцолжээ. Жилийн энэ үеэр ихэвчлэн зузаан цас мөсөнд хучигдсан байдаг Москва хотод энэ жил өвс ногоо соёолохуйц дулаан өвөл болж байгаа нь атлантын далайгаас ирж буй  дулаан агаарын урсгалтай холбоотой хэмээн цаг уурчид тайлбарлаж байна.Гэвч үүнийг мөн дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүр зохиодог хэвлэлийн хурлынхаа үеэр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулж, дэлхий дахинд агаарын температур жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэдэгтэй санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн ч энэ нь хүний гэм буруутай үйлдэлтэй холбоотой эсэх нь эргэлзээтэй хэмээн мэдэгдсэн юм. Москва хотынхны тухайд энэ жил цасгүй шинэ жилийн баяр тэмдэглэх төлөвтэй байгаа ч 1-р сарын 7-нд буюу үнэн алдартнуудын шашинтнуудын шинэ жилийн баяраар цас орох магадлал өндөр байгааг оросын ус, цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.