Иран улсад эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан интернэтийн сүлжээг дахин хаалаа

Иран улсад өнөөдөр Засгийн газрын бодлого шийдвэрийг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулагдахаар товлогдсонтой холбогдуулаад тус улсын эрх баригчид улс орон даяар интернэтийн сүлжээг хаах арга хэмжээ байна. Өнгөрсөн сард тус улсын Засгийн газар шатахууны үнийг 50 хувиар нэмэх шийдвэр гаргасан нь иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, улмаар улс орон даяар газар авсан эсэргүүцлийн жагсаалуудын үеэр 300 гаруй хүн амь үрэгдэж, 1000 гаруй жагсагч баривчлагдсан тухай олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллага мэдээлсэн юм. Харин Ройтерс агентлагийн зүгээс ойрын эх сурвалжийг иш татан мэдээлснээр амь үрэгдсэн нийт хохирогчдын тоо аль хэдийн 1500 даваад байгаа талаар анхааруулж байжээ.

Хэдийгээр Иран улсын ерөнхийлөгч Хассан Рухани шатахууны үнийг өсгөсөн шалтгаан нь бага орлоготой, амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд тэтгэмж олгох зорилготой хэмээн мэдэгдсэн ч АНУ-аас тавьсан хориг арга хэмжээний улмаас аль эдийн засгийн хямралын нөлөөнд автаад байгаа Иран улсын иргэдэд энэ нь хүнд цохилт болж байгааг судлаачид мэдээлж байна. Өнгөрсөн сард гарсан жагсаалуудын үеэр Ираны эрх баригчид жагсаал цуглааныг намжаахын тулд мөн л улс орон даяар интернэтийн сүлжээг хаах арга хэмжээ авч байсан бөгөөд энэ нь олон улсын зүгээс багагүй шүүмжлэлтэй тулгараад байсан юм. Сүүлийн үед дэлхийн улс орнууд  жагсаал цуглааныг цааш даамжрахаас сэргийлэн интернэтийн сүлжээг хязгаарлах явдал эрс нэмэгдээд байгаа. Тухайлбал Энэтхэг улсад л гэхэд энэ жил  интернэт сүлжээгээ 95 удаа хаагдаад байгаа юм.