Индонез улсад нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас 30 хүн амь үрэгдлээ

Индонез улсын нийслэл Жакарта хотод хэдэн арван жил ороогүй хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлэж, 30 хүн амь үрэгдээд байна. Жакарта хотын зүүн хэсэгт орших нисэх онгоцны буудалд л гэхэд нэг өдрийн дотор нийт орсон хур тунадасны хэмжээ нь 37 сантиметрт хүрсэн төдийгүй энэ нь 1996 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсныг тус улсын Цаг уур, Геофизикийн агентлаг мэдээлжээ. Энэхүү байгалийн гамшигтай холбогдуулаад Жакарта хотын удирдлагууд 62 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч, үлдсэн хүмүүсийг тусламж очтол байшингийн дээвэр дээрээ тэвчээртэйгээр хүлээхийг зөвлөсөн байна. Хэдийгээр Индонез улсад жилийн энэ үед буюу борооны улиралд үерийн гамшиг нүүрлэх явдал түгээмэл байдаг ч энэ жилийн тухайд учруулсан хор хохирлын хэмжээгээрээ ч өмнөх жилүүдийнхээс харьцангуй өндөр байгааг Жакарта хотын удирдлагууд мэдээлжээ. Жакарта хот нь хэдийгээр 10 сая хүн амтайд тооцогддог ч сүүлийн жилүүдэд дагуул хотуудынхаа хүн амыг нийлүүлээд 30 сая хол даваад байгаа нь хүн амын бөөгнөрөл үүсгэж, улмаар нам дор газар байрладгаас шалтгаалан дэлхийн хамгийн хурдацтай живж буй хотуудын нэгээр нэрлэгдэх болсон юм.

Судлаачдын зүгээс Жакарта хотыг 2050 он гэхэд бүрэн живэх эрсдэлтэй хэмээн анхааруулсны дээр хотын умард хэсэг л гэхэд сүүлийн 10 жилийн хугацаанд 2.5 метрээр доошлоод байна.