Япон улсад санхүүгийн хэргээр шалгагдаж байсан Ниссан компанийн экс тэргүүн Карлос Гон батлан даалтын хугацаандаа Ливан улс руу оргон зайлсан хэрэг олон улсын анхаарлын төвд ороод байна. Нэгэн цагт Японы автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Ниссан компанийг удирдаж, санхүүгийн уналтаас нь аварсан эрхэмд тооцогдож байсан тэр бээр санхүүгийн тал дээр хууль бус үйл ажиллагаа явуулж, цалин орлогынхоо мэдүүлгийг худал ташаа тайлагнасан, хувийн алдагдлаа компанийн нэр дээр шилжүүлсэн зэрэг хэд хэдэн үндэслэлүүдээр Япон улсад 2018 онд баривчлагдаад байсан юм. Улмаар түүнийг Японы дээд шүүхээс өнгөрөгч оны 4-р сард нэг тэрбум иений барьцаатайгаар батлан даалтаар суллах шийдвэр гаргаж, 24 цагийн хяналтын камерын дор гэр хорионд оруулаад байсан боловч түүний хэрхэн хил давсан нь албан ёсоор тодорхой болоогүй байгаа юм. Карлос гоны зүгээс Ливан улсад очсоныхоо дараа албан ёсоор мэдэгдэл гаргаж, Япон дахь улс төрийн шинж чанартай хилс хэргээс зугтан, оргон зайлахаас өөр аргагүй байдалд орсон тухайгаа тайлбарласан байна. Одоогоор түүнийг Япон улсын талаас интерполоор эрэн сурвалжлуулж эхэлсэн бөгөөд Ливан улсын засгийн газар интерполын мэдэгдлийг хүлээн авснаа мэдэгджээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Ниссан компанийн тэргүүн асан Карлос Гон Токиогоос Истанбул, Истанбулаас Бейрут чиглэлийн онгоцоор оргосон байж болзошгүй байгаа бөгөөд үүнтэй холбогдуулаад Турк улсын талаас оргох үйл ажиллагаанд оролцсон гэх 7 хүнийг баривчлан саатуулснаа мэдэгдсэн байна. Ливан гаралтай Бразил улсын иргэн Карлос Гоны тухайд Ливан улсдаа ихээхэн нэр хүндтэй төдийгүй тус улс Япон улстай хэрэгтэн солилцох гэрээ байгуулаагүй тул түүнийг шилжүүлэн өгөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.