Зөөж шилжүүлэх ажиллагааг эхлэхийн өмнө анхааруулах зорилгоор 3-аас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдэгдэнэ

Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх журмын дагуу 2015 оноос хойш авто машиныг ачиж, саатуулж байна. Харамсалтай нь тээврийн хэрэгслийг ачсаны дараа аль түр саатуулах байранд журамласныг мэдээлдэггүй нь  жолооч нарын бухимдлыг дагуулдаг. Тэгвэл тун удахгүй шинэчлэгдсэн журмын дагуу жолооч нарын улсын бүртгэлд бүртгэгдсэн гар утасны дугаараар тээврийн хэрэгслийг хаана журамласан талаар зурвас илгээдэг болох гэж байна. Тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд, зогсохыг хориглосон тэмдэгтэй газар, замын хөдөлгөөн хааж байрлуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, зам тээврийн осол гаргасан тохиолдолд автомашиныг зөөж шилжүүлж, түр саатуулдаг. Энэ журамлах асуудлыг 2015 онд батлагдсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журмын дагуу шийдвэрлэж байв.  Харин 2019 оны 6-р сард батлагдсан ХЗДХ-ийн сайдын А101 тушаалаар замын хөдөлгөөнийг зохицуулах, хянан шалгах журмын дагуу шийдвэрлэж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ачилт, буулгалтын 15 компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанитай холбоотойгоор 2019 оны байдлаар 300 гаруй гомдол ирсний 40-50 хувь нь утсанд мэдээлэл ирүүлээгүй, үүнээс үүдэж машинаа хайсан, түр саатуулах олон газраар явсан зэрэг чирэгдэл жолооч нарт учирчээ. Харин шинэ журмын дагуу

9.5. Цагдаагийн байгууллага нь тээврийн хэрэгслийг түр саатуулсан, зөөж шилжүүлсэн тухай мэдээллийг лавлах утсаар авах боломжоор хангах, энэ тухай иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд тээврийн хэрэгслийг саатуулах үед эзэмшигчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гар утасны дугаарт мессежээр мэдэгдэж болно.

9.16.1. Зөөж шилжүүлэх ажиллагааг эхлэхийн өмнө анхааруулах зорилгоор 3-аас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдэгдэнэ гэсэн заалт оруулсан байна.

Түүнчлэн жолооч нарын тухайд тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ утасны дугаараа үнэн зөв мэдүүлэх шаардлага тулгарч байна.