Австрали улсад гарсан ой хээрийн түймэр ойрын хэдэн сардаа намжих шинжгүй байна

Австрали улсад нүүрлээд байгаа ой хээрийн түймэр ойрын хэдэн сардаа намжих шинжгүй байгааг тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон ням гарагт анхаарууллаа.

Өнгөрсөн оны 9-р сараас хойш цар хүрээгээ тэлсээр  байгаа ой хээрийн түймрийн улмаас одоогийн байдлаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 24 болж нэмэгдээд байгаагийн зэрэгцээ Канберра, Сидней зэрэг томоохон хотуудаар агаарын чанарын үзүүлэлт гамшгийн хэмжээнд хүрээд байгаа юм.

Энэ хүнд хэцүү цаг үед гал түймэртэй тэмцэх ажилд түргэн шуурхай арга хэмжээ авах тал дээр хойрго хандсан гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа ерөнхий сайд Скотт Моррисон ой хээрийн түймэрт орон гэр болоод хувийн бизнесээ алдсан иргэдэд туслалцаа үзүүлэх тусгай хэлтэс байгуулахаа ням гарагт мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр байгалийн давагдашгүй хүчний эсрэг сүүлийн 4-өөс 5 сарын турш тасралтгүй тэмцэж байгаа гал сөнөөгчдөд дэмжлэг үзүүлэхээр гал түймрийг унтраах ажилд цэрэг армийнхныг нэмэлтээр дайчлах шийдвэр гаргаснаа зарласан байна.

Ой хээрийн түймэрт хамгийн ихээр өртсөн Виктория, шинэ өмнөд Уэльс зэрэг мужуудаар өнгөрсөн амралтын өдрүүдэд багахан хэмжээний хур тунадас орж, гамшгийн нөхцөл байдлыг хэсэг зуур намжаасан ч аюул үүгээр зогсох болоогүйг мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулсаар байгаа юм.

Одоогоор тус улсын бүх мужууд ой хээрийн түймэрт өртөөд байгаагаас гал түймрийн 200 гаруй идэвхтэй голомт цар хүрээгээ улам тэлсээр байна.

Австрали улсад нүүрлэсэн энэхүү гамшигтай холбогдуулаад олны танил хүмүүсийн эхлүүлсэн хандивын аян сүүлийн 48 цагийн дотор 20 сая Австрали долларын хандив цуглуулаад байгаа юм байна.